Иран улсын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар Тегераны ойролцоо Украйны онгоцыг буудаж сөнөөж буй үйл явдлыг бичсэн иргэнийг баривчлан саатуулсан байна. Уг бичлэгийг хийсэн хүн үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэргээр ял сонсож магадгүй гэж эх сурвалжуудад бичжээ.
Тегеранаас Киев хотыг чиглэсэн Украйны ПС752 дугаар нислэгийг үйлдэж байсан Боинг 737 онгоц хөөрөөд удалгүй сэжиг бүхий байдалтайгаар унаж осолдсоноос 176 хүн амиа алдсан юм. Иран улс эхлээд онгоц техникийн гэмтэл саатлаас болж осолдсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлаж байсан ч удалгүй андуурч пуужингаар харваж сөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрсөн.
Ираны хувьсгалт гвардын генерал Касем Сулейманийг Багдадад явж байхад нь Америкийн Ерөнхийлөгчийн тушаалаар устгасны хариуд Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу Иран улс баллистик пуужин харвасан. Үүнээс ердөө хэдхэн цагийн дараа Украйны зорчигч тээврийн онгоцыг Америкийн байлдааны онгоцтой андуурч сөнөөсөн гэдэг нь тодорхой болсон юм.
Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роуани бичлэг хийсэн иргэний хэргийг тусгай шүүхээр шийдвэрлэх ба дэлхийн нийт шүүх хурлыг нухацтай ажиглах болно гэдгийг онцолсон байна. Мөн хэргийг зөвхөн нэг хүнд үүрүүлээд дуусах ёсгүй, бусад алдаа гаргасан хүмүүс ч хариуцлага хүлээх ёстой гэдгийг мэдэгджээ.
Украйны онгоцыг пуужингаар харваж сөнөөж буй бичлэгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан этгээдийг Ираны элит хувьсгалт гвардын цэргүүд баривчлан саатуулсан байна. Харин онгоцыг сөнөөсөн тухай баримтыг эхэлж дэлгэсэн Лондонд байдаг Ираны сэтгүүлч эх сурвалжаа баттай гэж мэдэгдсэн ба Ираны эрх баригчид буруу хүнээ баривчилсан гэж үзжээ.
The New York Times сонинд бичсэнээр хяналтын камерын бичлэгээс харахад хоёр пуужин 20 секундын зайтай онгоцыг харвасан хэмээжээ.
Эх сурвалж: The BBC