Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд өрөөндөө 20 мянган юанийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн хятад иргэнээс энэ мөнгийг авсан юм.
Ийн АТГ-аас түүнийг баривчилж, саатуулсан ч цагдан хориулах тухай прокурорын санал баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр суллаж, гадуур шалгаж байгаа. Харин Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч хахууль аваагүй. БНХАУ-ын иргэн өрөөнд нь баглаатай зүйл орхиод зугтаасан. Энэ үед АТГ-ынхан орж ирсэн. Боодол дотор юу байгааг мэдээгүй, үзээгүй” хэмээн хэвлэлд ярьсан.
Тэгвэл албаны баттай эх сурвалж “Х.Оргил-Эрдэнийн хятад иргэдтэй утсаар удаа дараа холбогдож, уулзаж, мөнгө авч байгаа бичлэг албаныханд байгаа. Өмгөөлөгчийнх нь ярьсан шиг боодолтой зүйл орхиж явсан хүн байхгүй” гэлээ.
Э.ЭРДЭНЭ