Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Хүрэн шугуй гэдэг газарт сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т, Дэлгэрмөрөн голд цөм сүргийн үржлийн төвийн малчин В-ийн 100 орчим бог осолджээ. Уг хэрэг энэ сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд болсон бөгөөд малчин В малаа тууж Дэлгэрмөрөн дээгүүр гарч авахад нь голын мөс цөмөрч бог малууд осолдсон байна.
Тус газарт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 3 ажилтан 1 автомашин, Мэргэжлийн хяналтын газрын 3 ажилтан, 1 автомашин, цөм сүргийн үржлийн төвийн 3 ажилтан, нийт 22 хүн, 4 автомашин, 1 завьтай ажиллажээ. Ингээд аврах ажиллагааны дүнд голоос 81 бог малын сэг зэмийг гаргажээ.
Тиймээс гол мөрний ус гүйцэд хөлдөөгүй байгаа энэ үед иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж:Khuvsguliinungu.mn