Канад улс өнгөрсөн долоо хоногт марихуан буюу каннабис олсны ургамлыг хуулийн дагуу зарж борлуулахыг зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь орон болсон. Үүнтэй зэрэгцэн есөн настай Элина скаут охин бяцхан бизнесээ амжилттай хийжээ.
Охин Эдмонтонд марихуан худалдаж авахаар эмийн сангийн гадаа урт дараалал үүсгэн хүлээж буй хүмүүст “Скаут охин” жигнэмэг зарсан байна. Урт дараалалд 4 цаг гаруй зогсож байгаа иргэд охины жигнэмгийг тэр даруй худалдан авчээ.
Элина ердөө 45 минутад 120 канад долларын жигнэмгийг дараалалд зогсож байгаа гэдэс нь хонхолзсон үйлчлүүлэгчдэд зарсан аж.
Охины аав “Элина ямар сайн наймаа хийснээ өөрөө ч бүрэн ойлгоогүй байх. Тэр зүгээр л жигнэмгээ зарах ёстой болохоор л зарсан гэж бодсон. Гэхдээ хүн бүр түүнтэй уулзахыг хүсч, баяр хүргэж байсан” гэжээ.
Бяцхан охин уг бизнесийн санааг олж харсан цор ганц хүн биш. Канадын Засгийн газар марихуаныг хуульчлахаар хэлэлцэх хооронд хэд хэдэн амттаны үйлдвэрүүд, сүлжээ зоогийн газрууд зуны турш бэлтгэлээ базаажээ.
Тухайлбал “Херши Канад”, “Фүдора” хоол хүргэлтийн компаниуд урт дараалалд олон цаг зогсож байгаа үйлчлүүлэгчдэд зориулсан зуушнуудаа борлуулж эхэлсэн байна.
Эх сурвалж: www.qz.com