Хятад улсын иргэн Шри Ланка улсын хилээр их хэмжээний хортой хилэнцэт хорхойг хууль бусаар хил давуулан наймаалах гэж байгаад баригджээ. Сэжигтэй этгээд Коломбо нисэх буудлын аюулгүйн албаныханд баригдахдаа 200 орчим хилэнцэт хорхойг хуванцар хайрцагт нуусан байжээ.
Шри Ланкын эрх баригчид Хятадын иргэн хилэнцийн хорыг ашиглах гэж байсан хэмээн сэрдэж байна. Хуулийн дагуу нэн ховор ан амьтан, хууль бус алт, мансууруулах бодис зэргийг хил давуулан наймаалахыг хатуу хориглодог. Хилэнцэт хорхойг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан эрэгтэйг 550 ам.доллараар торгож, гэр лүү нь буцаажээ.
Тус улсад 18 төрлийн хортой хилэнцэт хорхой нутагшдаг байна. Ердөө ганц удаагийн хатгалтаар хүний амийг ч хөнөөх чадалтай ажээ.
Өнгөрсөн оны зургадугаар сард сэжигтэй этгээд зааны тугалуудыг хууль бусаар наймаалах гэж байгаад мөн тус улсын хамгаалалтын албаныханд баригдсан байна.
Эх сурвалж: The BBC