ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгийн Онцгой комиссыг хуралдуулж үүрэг чиглэл өгчээ.
Говь- Алтай аймгийн хэмжээнд 18 сумын 87 багийн 7205 малчин өрхөд 3597.2 мянган толгой мал өвөлжиж байна. Үүнээс адуу 132.4 мянга, тэмээ 44.4 мянга, үхэр 84.4 мянга, хонь 1066.3 мянга, ямаа 2268.8 мянган толгой байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 83.0 мянган толгой буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Аймаг дундын Бор Аргалантын отрын бүс нутаг 56 өрхийн 37.5 мянган толгой мал, хилийн зурваст 106 өрхийн 84.2 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 153 өрхийн 114.8 мянган толгой мал, өөр аймгийн нутагт өвөлжих 15 өрхийн 10.4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 113 өрхийн 61.3 мянган толгой мал, нийт 443 өрхийн 308.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 85.5 тн тэжээл, сумууд аюулгүйн нөөцдөө 691.8 тн өвс, 331 тн тэжээл, нийт 851.8 тн өвс, 416.5 тн тэжээлийг бэлтгэсэн байна. Өвөлжилт хүндрээгүй учраас аймаг болон сумын аюулгүйн нөөцөөс өвс тэжээл олгоогүй байна. Мөн малын зүй бус хорогдол гараагүй.
2020 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Есөнбулагт 9 см, Хөхморьт, Шарга 5см, Ажбогд, Баян-Уул, Дэлгэр 4см, Баянтоорой, Жаргалан,Тайшир, Цогт, Эрдэнэ 3 см, Бугат, Дарив, Халиун, Гуулин 2 см, Төгрөг, Чандмань 1 см, Тонхил, Бигэр, Цээл сумууд 0.8 см зузаан цастай байна.