Лев Толстойн “Анна Каренина” роман хэвлэгдэн гарснаасаа хойш өдгөө ч үнэ цэнээ алдалгүй уншигчдын хайртай бүтээл хэвээр байгаа. Бичигдсэн тухайн цаг үеийнхээ эмэгтэйчүүдийн оршихуй, хувь заяаны талаар өгүүлдэг уг роман эмэгтэй хүний дотоод ертөнц, гэнэтийн зүйлд хандах хандлага хийгээд мөн чанарын талаар өгүүлдэг. Уг романыг амьд урлаг буюу тайзны жүжиг болон тавихаар болоод байгаа. Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичиж, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулан Улсын драмын театрт ирэх сарын 28-нд тавихаар бэлтгэж буй.
Жүжигчин Н.Баярмаа “Анна Каренина” жүжгийн гол дүрийг бүтээхээр болсон талаар УДЭТ-аас өмнө нь мэдэгдээд байсан билээ. Тэгвэл Аннагийн дүрд тус театрын ахмад жүжигчин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувдыг сонгосон талаар драмын театраас мөн зарлаад байгаа юм. Тиймээс энэ талаар УДЭТ-ын Хэвлэл мэдээллийн мэргэжилтэнээс тодруулбал, “Анна Каренина жүжигт гурван Аннагийн дүр бий. Хүүхэд, залуу, хөгшин Анна гэсэн үг. Тиймээс залуу болон хөгшин Аннагийн дүрийг Н.Баярмаа, Н.Сувд нар бүтээж байгаа. Харин хүүхэд насны Аннаг Хүүхдийн ордны авьяаслаг сурагч бүтээнэ. Одоогоор дүрийн эзнийг сонгоогүй байна” гэв.
Харин Аннагийн нөхрийн дүр болох Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох гэнэ. Туслах дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар гэх мэт 20 гаруй уран бүтээлч бүтээх аж.
Х.Доржпалам