СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Тэтгэврийн зээл аваад нас барсан иргэний зээлийн үлдэгдэлийг тэглэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020-01-11/ хуралдаанаар Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Уг хуульд зааснаар:

-Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн зээлийн тодорхой хэсгийг төлнө

-Тэтгэвэр барьцаалж зээл авсны дараа нас барсан иргэний зээл 2019-23-31-ны өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана

-Энэ хуулийг 2020-01-10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

-Зургаан сая төгрөгөөс доош зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлнө. Зургаан саяас дээш зээлтэй бол зөрүүг зээлдэгч өөрөө хариуцна

-Цаашид тэтгэврийн зээлийг жилд нэг удаа зургаан сараас дээшгүй хугацаанд олгодог болох

-Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг удаа нэг сая төгрөгийн урамшуулал олгох зэрэг зүйл заалтуудыг хуулийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс гаргасан. Өөрчлөлт орсон зүйл заалт бүрээр санал хураалт явуулахад бүгд дэмжигдсэн юм. 

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хууль анх орж ирэхдээ өртэй байгаа 230 мянган иргэний асуудлыг хамааруулж шийдэхээр байсан. УИХ-ын гишүүд, намуудаас гарсан саналын дагуу 421 мянган иргэнийг хамруулах ёстой гэсэн учраас гишүүд, намуудын саналыг үндэслэн зээлгүй, зээл авсан ч нас барсан хүмүүсийг ч хамруулсан заалтуудыг оруулсан. Хөдөлмөрч ахмадуудыг сүүлийн 30 жилд хийгээгүй учраас хийж байна. Түүнээс улс төрийн, сонгуулийг урьтан гаргаж байгаа шийдвэр биш. МАН, АН, ШИНЭ нам, О.Баасанхүү, С.Жавхлангийн санал ч туссан. Энд ярьж тохирчихоод гудамжинд гараад ард иргэдийг турхирч болохгүй. 194 ахмадад чихрийн цаас өгөх гэж байна гэж нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэж болохгүй. Гаргасан хуулийг хэрэгжүүлээд явна. УИХ-ын 76 гишүүн энэ танхимд суугаад баталж байгаа хууль. Улс төрийн залгамж халаагаар хэрэгжүүлнэ. Бид өнөөдөр нэг сая төгрөгийн бэлэн мөнгө тараавал эдийн засагт бий болох дарамт ирнэ гэдгийг мэдсээр байж, албаар буруу мэдээлэл тарааж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн бэлэн мөнгө өгнө гэх юм. 6 сая төгрөгийн зээлтэй хүний зээлийг тэглэчихээд яагаад бусдыг нь ингэж алагчилж үзэж байгаа юм бэ. Ядаж 3 сая төгрөг өгөх боломж байхгүй юу?

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: УИХ-ын гишүүд та бүхний гаргасан саналыг үндэслэж зээл аваагүй 194 000 иргэнийг хамруулахаар болсон. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийх хэрэгтэй.  Хэт улс төржиж улс орноо дампууруулчихаж болохгүй биз дээ. Нэг ордыг ашиглаж ийм ашиг тарааж болох нь гэдэг жишиг тогтоож байгаа хэрэг шүү дээ. 

Уг хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гарсан. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 62,8 хувийн саналаар дэмжигдлээ. 

Ингэснээр “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төсөл эцэслэн батлагдаж 2020-01-10 ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.