Франц улсын өмнөд нутгийн Монпелье хотын өөртөө үйлчлэх сүлжээ хайпермаркет Жиант Казинод үнээ буруу тавьснаас болж худалдан авагч, үйлчлүүлэгчид хэдэн арваараа цуглажээ. Тус дэлгүүрт зарагдаж буй телевиз буюу зурагтын үнийг 399 евро гэж байршуулах байсныг андуурч 30,99 евро хэмээн бичсэн байна.
Худалдан авагчид дэлгүүрийн андуурч бичсэн хямд үнээр зурагт худалдан авахыг хүссэн ч хайпермаркет татгалзжээ. Кассын хэсэгт худалдан авагчид урт дараалал үүсгэж тавьсан үнээрээ худалдаа хийхийг шаардаж, энэ үнээрээ зарах хүртэл дэлгүүрээс гарахгүй гэсэн байна.
Худалдан авагчид болон дэлгүүрийн ажилчдын хооронд маргаан гарч, цагдаа дуудахаас өөр аргагүй болжээ. Хэдэн арван цагдаа ирж уурлаж, ундууцсан үйлчлүүлэгчдийг хүчээр гаргасан байна. Зөрүүд худалдан авагчид дэлгүүр хааснаас хойш цаг гаруйн дараа явжээ. Дэлгүүрээс худалдан авалт хийхийг хүссэн зарим хүмүүс 4-5 зурагт тэврэн зогсож байсныг гэрчүүд ярьжээ.
#Montpellier Le supermarché @geant_casino censé fermer à 21h30, est toujours ouvert. Les clients ne veulent pas quitter les lieux et payer leurs #produits au prix affiché. Des dizaines de #policiers sont sur place pour éviter les débordements. pic.twitter.com/PFvEAuJ7lR
— viàOccitanie (@viaOccitanieTV) January 8, 2020
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль дүрмийн дагуу борлуулагч андуурч, алдаа гаргасан ч бүтээгдэхүүн дээр тавьсан үнээр худалдаа наймаагаа эрхэлж, бараагаа борлуулах ёстой. Гэвч үнэ илт ондоо, андуурагдсан нь тодорхой байвал худалдах эсэх нь дэлгүүрийн эрх гэж зарим сувгаар дамжуулжээ.
Эх сурвалж: The BBC