ОХУ-ын Хар тэнгис болоод Умардын усан флот хамтран пүрэв гарагт Хар тэнгист цэргийн сургуулилалт, шинэ загварын пуужингуудын туршилтыг явуулжээ. Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр Крымын эрэгт хүрч Хар тэнгис дэх цэргийн сургуулилалт, дуунаас хурдан пуужингийн системийн туршилтыг ажигласан байна.
Туршилтад 30 гаруй хөлөг онгоц, 40 нисэх онгоц, нэг шумбагч төдийгүй Калибр аяллын пуужин, Кинжал дуунаас хурдан баллистик пуужин оролцсон гэж ТАСС агентлаг дамжуулжээ. Оросын тэнгисийн цэргийн ерөнхий командлагч адмирал Николай Евменов туршилт амжилттай явагдсаныг Ерөнхийлөгч Путинд илтгэсэн байна.
МИГ-31К байлдааны онгоцуудыг Кинжал баллистик пуужин харвахад ашигласан байна. Харин Колпино шумбагч хөлгөөс Калибр пуужингуудыг хөөргөжээ. Путин Маршал Устинов пуужин тээвэрлэгч хөлгийн тавцан дээрээс туршилтуудыг ажигласан байна.
Олон улсын батлан хамгаалах салбарынхны анхаарлыг татаад буй Оросын Кинжал нэртэй дуунаас хурдан баллистик пуужин секундэд 1,700 метрийн хурдтай ажээ. Орос улс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр Авангард нэртэй цоо шинэ дуунаас хурдан пуужингийн системийг ашиглалтад оруулснаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: CNN