УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгалийн баялгийг тэгш хүртээх зорилгоор ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу орж ирсэн "Ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуралдаанд 41 гишүүн оролцож, 35 нь дэмжсэнээр ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцэхээр болсон юм. Харин зургаан гишүүн эсрэг санал өгсөн. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, А.Сүхбат, Н.Учрал нар байна.
УИХ-ын гишүүн Н.Учралаас энэ талаар тодруулахад тэрээр "Зээл тэглэхтэй зэрэгцэн Тэтгэврийн реформ эхлүүлэх ёстой байсан" гэсэн байр суурийг илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Авч байсан цалингаас нь 3-4 дахин бага цалин өгчихөөд, улс таныг халамжилж байна гэхээр хэн ч баяртай биш байна шүү дээ. Гадаадад бол тэтгэврийн мөнгөөрөө гадаадад зугаалдаг шүү дээ. Арван жилийн дараа дахиад ҮАБЗ-ийн зөвлөмж гараад бид баярлаад сууж байх ёстой юм уу? Иймд Тэтгэврийн реформ хийцгээе. Зээл тэглэвэл реформ эхлэх юм байна гэж бодож байсан. Энэ хуулийг хэлэлцэхтэй холбогдуулан реформыг цуг оруулж ирэхгүй байгаа юм бэ гэж би гайхаж байна.