Сассексын гүн Харри эхнэр Меган Мэркл, хүү Арчигийн хамт Их Британийн хатан хааны удмын гэр бүлээс татгалзаж, бие даан тусдаа амьдрах тухайгаа хэвлэлийнхэнд дуулгаж багагүй шуугиан тариад байгаа билээ. Хатан хаан хоёрдугаар Элизабетийн ач хүү Харри энэ талаараа урьд өмнө гэр бүлийнхээ хэнтэй ч зөвлөлдөлгүй гэнэтийн шийдвэр гаргасан юм.
Харри хатан хааны гэр бүлийн үүрэг хариуцлагаас татгалзаж буйгаа мэдэгдсэний дараа Канад улс руу буцсан байна. Сассексын гүнгийн гэр бүл зул сарын баярын амралтын зургаан долоо хоногийг Канад улсад өнгөрөөсөн билээ. Сассексын гүн лхагва гарагт гэр бүлийнхээ Инстаграм хуудсанд энэ талаар мэдээ тавихаасаа 10 минутын өмнө аав, ахдаа зурвасаар илгээжээ. Огт утсаар ярьж хэл дуулгаагүй гэж The Guardian дамжуулсан байна. Мөн пүрэв гарагт Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтоны төрсөн өдөр байсан ч баярын уур амьсгал ажиглагдсангүй.
Гэнэтийн мэдэгдлийн дараа хатан хаан Элизабет, Уэльсийн ханхүү Чарльз, Кэмбрижийн гүн Уильяам нар ихэд цочирдож, сэтгэл эмзэглэсэн байна. Тэд албаны хүмүүст хандан хосыг гэр бүлээ орхихгүй байх тал дээр, хэрхэн зөв зүйтэй зохицуулалт хийхийг Канад, Их Британийн Засгийн газруудтай хамтран шийдэл олохыг даалгажээ. Ойрын хоногуудад ямар нэг шийд гарна гэж таамаглаж байна. Букинхэмийн ордноос Харри, Меган нарын хүсэл эрмэлзлийг ойлгож байгаа ч асуудал ээдрээтэй байгаа тул цаг хугацаа шаардлагатай гэсэн байна.
Ханхүү Харригийн гэр бүл өнгөрсөн оны 10 дугаар сард хэвлэлийнхний дайралтад өртөж, тэдний эсрэг тууштай тэмцэхээ мэдэгдэж байсан билээ. Хэдийгээр Харри Их Британийн хаан ширээнд суух зургаа дахь үеийн залгамжлагч боловч тэрээр титмийн төлөө өрсөлдөөнд шунаагүй нь олон хүний таалалд нийцсэн боловч нөгөө талаар Америкийн жүжигчин байсан Меганыг хааны удамд байх тэсвэр тэвчээргүй эмэгтэй хэмээн их британичууд шүүмжлэн буруутгаж байгаа юм.
Хосын шийдвэр зөвхөн хатан хааны гэр бүлийн хүлээх үүрэг хариуцлагаас татгалзахаас гадна санхүүгийн хувьд ч бие даасан тусгаар байдлыг сахин хамгаалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн явдал билээ. Тэд удахгүй төрийн сангаас тэтгэмж, санхүүжилт авахаа болино гэсэн юм. Мөн Канад, АНУ-д ихэнх цагаа өнгөрөөхөөр хэдий нь төлөвлөжээ.
Эх сурвалж: The BBC