СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-01-10

Л.Зэндмаа: Хятад Улсад гарсан уушгины хатгалгаа манайд бүртгэгдээгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэн учир сурагчдын II улирлын амралтыг сунгаад байна. Энэ хүрээнд томуугийн өвчлөл, түүнийг тойрсон асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаагаас тодрууллаа.

-Хүйтний улирал эхэлсэн энэ үед томуу, томуу төст өвчний дэгдэлт элбэг байна. Дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ямар байна вэ?

-Томуу, томуу төст өвчний амбулаторийн мэдээг долоо хоног тутам, улс орны мэдээллийг өдөр бүр авч дүн шинжилгээ хийж байна. . Томуугийн дэгдэлтийн оргил үе нь арванхоёрдугаар сарын дунд үе байлаа. Энэ үед хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 1770-д хүрсэн.

. Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал 2.3 хувиар ихэссэн үзүүлэлт харагдаж байгаа. Харин өнгөрсөн сард дэгдсэн томуугийн өвчлөл энэ сард харьцангуй буурч байна. Орны ачааллын хувьд өчигдрийн байдлаар 1363 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнд хүүхдийн амралт болон Эрүүл мэндийн яамны зүгээс иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээллүүдийг хүргэж байгаа нь үр дүнгээ өгч байгаа гэж харж байна.

-Иргэд хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцээгүй эмнэлгүүд ачаалалтай байгааг өөрийн цахим хуудастаа бичиж байна. Энэ асуудлыг яаж шийдэв?

-Жил бүр томуугийн өвчлөл ихсэхэд иргэдээс ийм гомдол их ирдэг. Тиймээс аравдугаар сарын дунд үеэс зохицуулалт хийж эхэлсэн. Нэгдүгээрт, хамгийн их ачаалалтай байдаг Чингэлтэй дүүргийн эмнэлэгт орны тоог нэмж зургаан хороог “Ачтан” эмнэлэг рүү шилжүүлсэн. Тус эмнэлэг 180 ортойгоор хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хоёрдугаарт, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг жилээс жилд ачаалалтай байдаг.

Тиймээс амбулаторийг нь суллаад 70 ортой хүүхдийн тасаг нэмээд өргөжүүлсэн. Одоогийн байдлаар 285 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Гуравдугаарт, Баянзүрх дүүргийн эмнэлгийн харьяа 26 ортой хүүхдийн эмнэлэг нээж гурван хороог өгч, Цэргийн төв эмнэлэг дээр таван хорооны иргэд үйлчилгээ үзүүлдэг байхаар зохицуулж ачааллыг бууруулж байна. Одоогийн байдлаар тулгамдсан асуудал алга.

-Энэ жил томуугаас урьдчилан сэргийлэх вакцинд хэдэн хүүхэд хамрагдсан бэ?

-Өмнөх жилүүдийг бодвол энэ онд томуугаас сэргийлэх вакциныг эрт хийсэн. . Мөн эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч, сувилагч нар хамгийн эрсдэлтэй ажилладаг тул 5750 ажилтан вакцинд хамрагдсан. Дархлаажуулалтыг нийслэлд харьцангуй эрт хийсэн.

-БНХАУ-д уушгины хатгалгаа өвчин гарсан. Уг өвчин манайд бүртгэгдсэн үү?

-БНХАУ-д бүртгэгдсэн уушгины хатгалгаа өвчний талаар Эрүүл мэндийн яамнаас тогтмол мэдээлэл авч яамнаас өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна. Одоогоор энэ өвчлөл манайд бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран эрсдлийн үнэлгээ хийгээд дунд эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор халуурч, хатгаа авсан хүмүүст үзлэг явуулахдаа өвчлөл гарсан бүс нутгаар зорчсон эсэх мэдээллийг авч ажиллаж байна.

-Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сараас хоёрдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэхийн тулд гадуур явахдаа амны хаалт зүүж хэвших, гараа тогтмол угааж, дур мэдэн эмчилгээ хийхгүй эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэдий бид урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөөд байгаа ч иргэд хувийн ариун цэвэр сахихгүй бол өвчлөл буурахгүй.

Т.Туяацэцэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.