Он гарсаар валютын ханш өсөж байгаа талаар иргэд ам уралдан ярих болов. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн өдийд 392 төгрөг байсан юань даваа гарагт 395 төгрөг болсон байна. Харин ам.доллар долоо хоногийн өмнө 2740 төгрөг байсан бол өнгөрсөн даваа гарагт 2742 төгрөг болжээ. Өчигдөр 12.00 цагийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд юанийн ханш 398 төгрөг болж, гурван хоногийн хугацаанд зургаан төгрөгөөр нэмэгдсэн.. Харин “гайхал ногоон”-ы ханш 2744 төгрөг болсон байлаа.. “Найман шарга” валют арилжааны төвд очиход хөл хөдөлгөөн их байв. Ченжүүд “Юань, ам.доллар авна, зарна” хэмээн орилолдоно.
Тэнд яваа хүмүүсийн цөөнгүй нь ам.доллар, юань худалдаж авахаар ирсэн бол зарим нь үнэ ханш харж, хэр өсөхийг судалж яваа бололтой. “Найман шарга” валют арилжааны төвд 50 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагуудын 80-90 хувь нь юанийг 396-396.5 төгрөгөөр худалдан авч, 397.5-398 төгрөгөөр зарж байв. Мөн ам.долларыг 2741 төгрөгөөр авч, 2743 төгрөгөөр зарж байлаа. Харин зарим ченж зөвхөн юанийн гүйлгээ хийж байв. Энэ үеэр ченжүүд юань, ам.долларын үнэ Цагаан сар хүртэл өсөх хандлагатай байгааг онцоллоо. Мөн “Найман шарга” валют арилжааны төвд рубль авах нь 44.3, худалдаалах нь 44.5 төгрөг байв. Харин БНСУ-ын воныг 2.35 төгрөгөөр худалдан авч, 236 төгрөгөөр зарж байсан юм.
“Найман шарга” валют худалдааны төвийн ченж Ч.Батбаатар “Хятадын Цагаан сар нэгдүгээр сарын 24-нд эхэлнэ. Энэ үеэр өмнөд хөршийн худалдаачид бараг сар амардаг юм. Манай худалдаачид амрахаас нь өмнө бараа, бүтээгдэхүүнээ татах гэж юанийн эрэлт үүсгэж байна. Үүнтэй холбоотойгоор юань өссөн гэж хэлж болно. Жил жилийн Сар шинийн. өмнө юань өсдөг.
Түүнчлэн Монголбанкнаас зарласан дундаж ханшаар юань 392.29 төгрөг байгаа. Энэ нь гурван сарын өмнөх үеийнхээс 25 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт. Харин өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр манай улс саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор ам.долларын ханш 2715 төгрөг болтлоо өсөж, сандаргаж байлаа. Мөн зарим нэр бүхий хүн буруу мэдээлэл цацсанаас болж, иргэд байгаа хэдэн төгрөгөө үнэгүйдүүлж байхаар ам.доллар болгоё гэсэн хандлагатайгаар эрэлтийг ихэсгэж байсан. Өөрөөр хэлбэл, үнэ хөөрөгдсөн гэсэн үг. Үнэндээ,тухайн үедээ ам.долларын ханш 2710 төгрөг болж хэсэг тогтворжсон. Гэвч он гарсаар ам.долларын ханш тогтворгүй болж, бага зэрэг өссөн. Бид дураараа валютын ханшийг нэмдэггүй. Монголбанкнаас ханшийг хэд гэж зарлана түүнтэй л уялдуулдаг” гэв.
Мөн арилжааны банкууд 20 сая төгрөгөөс дээш юань, ам.долларыг нэг хоногийн хугацаатай захиалж авах боломжийг иргэдэд олгож байгаа аж. Тухайлбал, Хаан банк бэлнээр нэг удаа 1000 юанийн гүйлгээ хийх боломжтой гэсэн юм. “Найман шарга”-ын ойролцоох Кредит, Капитрон банк “Бага дүнтэй юанийн гуйвуулга хийхгүй байгаа” гэлээ.
Д.Чанцалдулам