Нигери улсын нийслэл Абужа хотод хэвлий, цээжээрээ нийлсэн ой гарантай ихэр охидыг салгах мэс засал амжилттай болжээ. Уг мэс засал 13 цагийн турш тасралтгүй үргэлжилж, 78 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.
Энэрэл болон Эелдэг нэртэй хоёр охин хагалгаанаас хойш зургаан долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь сайжирсан тул гэртээ харих цаг болжээ. Хагалгаа өнгөрсөн оны 11 дүгээр сард Нигери улсын эмнэлэгт явагдсан ч хагалгааны дараа ямар нэг эрсдэл үүсч болзошгүй байсан тул мэдээллийг өдийг хүртэл нууцалсан гэж хагалгааг удирдсан мэс заслын эмч Эммануэл Аме ярьсан байна.
Тус улсын эмнэлэгт анх удаа биеэрээ нийлсэн ихрийг салгах хагалгаа амжилттай болжээ. Тиймээс хагалгааг амжилттай хийсэн багийнхнаар маш их бахархаж байна хэмээн эмнэлгийн удирдлагууд мэдэгдсэн байна.
Ихрүүд 2018 оны наймдугаар сарын 13-ны өдөр мэндэлжээ. Зарим нэг хүндрэлтэй асуудлаас болж хагалгааг өнгөрсөн жилийн 11 дүгээр сар хүртэл хойшлуулсан байна. Ийм ихрүүдийн бүх эрхтэн нийлсэн байдаг учир хагалгаа хийж салгах нь маш хүнд төрлийн мэс засал юм.
2017 оны судалгаагаар биеэрээ нийлсэн ихэр 50,000 төрөлтөд нэг удаа тохиодог гэсэн судалгаа байна. Тэдгээрийн 60 хувь нь амьгүй төрдөг учир 200,000 тохиолдолд нэг удаа төрдөг ч гэж үздэг. Мөн ийм ихрүүдийн 70 хувь нь охид байдаг байна.
Эх сурвалж: CNN