СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-09

LIVE: Өгийнуур сумын сургуулийн захирал Ш.Бадамцэцэг нэгэн багшийг бөөгөөр дарамтлуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Архангай аймгийн Өгийнуур сумын сургуулийн захирал Ш.Бадамцэцэг багш нараасаа олон төрлийн авлига авдаг талаар тус сургуулийн багш нар өнөөдөр /2019-01-09/ мэдээлэл хийлээ

Архангай, Өгийнуур сумын дунд сургуулийн захирал Ш.Бадамцэцэг багш нарыгаа дарамталдаг гэв.

Өгийнуур сумын сургалтын менежер Д.Нямдулам: "Манай захирал тэтгэвэрт суудаг ээжийнхээ нэр дээр цалин бичиж авдаг. Багш нараас улирал тутамд хууль бусаар мөнгө хураадаг, багш нарыгаа зүй бусаар /шашны/ дарамталсан гэх зэргээр сурган хүмүүжүүлэгч хүнд баймгүй олон алдаа гаргадаг. Үүнийг нь бид шат шатны байгууллагад мэдээлж хариуцлага тооцохыг хүсч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй, тэр хүн ажлаа хийсээр байгаад бид гомдолтой байна" гэсэн юм.

Өгийнуур сумын химийн багш Ш.Батсуурь: "Энэ хүний авлигын талаар сумын олон хүн гомдол гаргаж тэр ч байтугай сумын засаг дарга н.Алтангэрэлд хүртэл мэдээлэл өгч байсан. Жишээ нь, бага нагийн багш нараас л гэхэд улирлын амралтаар /2019 онд 1,2 дугаар/ өдрийн 10 000-аар  бодож 40 000-80 000 төгрөг хураасан. Тэр мөнгөө авч яваад хэмхэрхий ус буцалгагч, элдэв бараа материал авч нийлүүлдэг. Ганц биднээс биш дунд, ахлах ангийн багш нараас ч авдаг. Өнгөрсөн жил гэхэд д хоёр удаа мөнгө хураасан. 

Мөн тэтгэвэрт суудаг ээжийнхээ нэр дээр 2,7 сая төгрөгийн цалин авсан гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж мөнгө завшсан. Төрийн албаны зөвлөлд бид 31 хүний гарын үсэгтэй бичиг өгсөн. Хянаж үзээд захирал Ш.Бадамцэцэг нь  ёс зүйн зөрчил гаргасан байна гэсэн гурван удаагийн дүгнэлт гаргасан. Гэтэл "Та нар гарын үсгээ зурсан байна" гэж өрөөндөө дуудаж 2 цаг дарамталсан. н.Санжидмаа багшийг гэхэд л "Чамтай хамтарч ажиллахгүй, өөрийн хүсэлтээр ажлаасаа гар" гэж дарамталсаар байгаад ажлаас нь халсан. Тэр хүн 5 хүүхэдтэй, цалингийн зээлтэй,  одоо ажилгүй болсон гэв.

Бид БСШУСЯ, АТГ, Төрийн албаны зөвлөл гээд хандаж болох бүх газарт хандсан. Төрийн албаны зөвлөл шалгалт хийх үеэрээ багш нарыг нэгбүрчлэн дуудаж "Энэ таны гарын үсэг мөн үү?" гэж асуухад ихэнхи нь мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гурван хүн "Айгаад байна хэлж чадахгүй" гэсэн байдаг. Эцэст нь Ш.Бадамцэцэг нь авлига авсан нь тогтоогдсон тул төрийн алба хаших эрхгүй болгосон. Гэтэл энэ хүн өнөөдөр ажлаа хийсээр л байна. 

Мөн БСШУСЯ-нд хандаж гомдлоо гаргахад дэд сайдын гарын үсэгтэй "Энэ асуудлыг судалж, арга хэмжээ ав" гэсэн бичиг буцаж ирсэн. Гэтэл манай аймгийн засаг дарга ийм бичиг ирээгүй гэж хэлсэн. Бид мөн АТГ-т  хандсан. Аймаг дээр ирээд л дарагдаад, арга хэмжээ авагдахгүй байгаа тул бид бухимдаж өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж байна. Гэтэл энэ хүн 2017 онд Архангай аймгийн тэргүүний багшаар шалгарсан. 2019 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байх жишээтэй. Бид үнэхээр гайхаж байна" гэлээ.

Өгийнуур сумын монгол хэлний багш Х.Цэрэндулам "Би нэг орой гэртээ халуун ам бүлээрээ хоолоо хийж идээд сууж байтал утас дуугарсан. Нэг хүн залгаж дарамталж эхэлсэн. Наад асуудлаа зогсоо тэгэхгүй бол ингэнэ, тэгнэ гээд. Чи яг юу яриад байна гэтэл "Шуудхан хэлчихье. Захирлынхаа тухай асуудлыг зогсоохгүй бол үр хүүхдийг чинь үхүүлнэ, хүүхдээ амьд явуулмаар байвал дуугай бол" гэж дарамталсан. Би гар утас дээрээ энэ бичлэгийг хийж авсан. Аймгийн цагдаад өгсөн. Гэтэл энэ хүн бөө болж таарсан. Захиалагч нь манай захирал болон нөхөр нь болох нь цагдаагаас тогтоогдсон. Хэрэг үүсч шалгагдсан ч элдэв шалтгаанаар хойшуулсаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар дарагдсан. Би маш их гомдолтой байдаг" гэлээ.

  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.