Иран улсын нийслэл Тегераны нисэх буудлын ойролцоо Украйны зорчигч тээврийн нисэх онгоц осолдсон билээ. Онгоцны хар хайрцаг олдсон боловч Ираны Засгийн газар Боинг 737-800 загварын онгоцны хар хайрцгийг үйлдвэрлэгч компани болон АНУ-д шилжүүлэн өгөхөөс татгалзаж байна.
176 хүнтэй онгоц Тегеранаас Киевийг чиглэн хөөрөөд хэдхэн минутын дотор 2,400 метрийн өндрөөс унаж сүйрсэн юм. Нислэгийн хуваарь цаг орчим хоцорсны дараа аялалд гарсан ч харамсалтайгаар осолдож амьд хүн үлдээгүй.
Олон улсын нислэгийн хууль дүрмийн дагуу Иран улс ослыг мөрдөн шалгах эрхтэй. Гэхдээ хар хайрцгийг задалж, мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд бусад улс орнуудын шинжээчид, сүйрсэн онгоцны үйлдвэрлэгч төлөөлөгчдөө илгээх боломжтой ажээ.
Иран улс генерал Касем Сулейманийн үхэлд хариу барьж Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу пуужин хөөргөснөөс хойш цөөн хэдэн цагийн дараа Украйны онгоц сүйрсэн юм. Зарим эх сурвалжууд Украйны онгоцыг гадны биет сөнөөсөн хэмээн сэрдэж байгаа ч ВВС агентлагийн зүгээс Америк-Ираны мөргөлдөөн онгоцны осолтой холбоотой гэх баримт нотолгоо байхгүй гэжээ.
Осол болсон орны зөвшөөрөлтэйгээр Боинг онгоц нь АНУ-д үйлдвэрлэгдсэн тул Америкийн үндэсний тээвэр зуучлалын аюулгүй байдлыг хамгаалах газраас ослыг мөрдөн шалгах ажилд оролцох боломжтой. Гэвч Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын дарга Аль Абедзадех мэдэгдэл хийж, хар хайрцгийг Боинг болон Вашингтонд шилжүүлэхгүй, ослын шалтгааныг Ираны агаарын тээврийн байгууллага шалган мөрдөх ба украйнчууд оролцох боломжтой гэжээ.
Боинг компанийн зүгээс шаардлагатай бүх нөхцөл байдлаар туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа бол Канадын Засгийн газар хар хайрцгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд оролцохоор бэлдэж байгаа гэжээ.
ПС752 дугаар нислэгийг үйлдэж байсан Украйны олон улсын нисэх хүчний онгоцонд байсан зорчигчдын дийлэнх нь Иран болон Канад улсын иргэд байжээ. Тодруулбал Ираны 82, Канадын 63, Украйны 11, Шведийн 10, Афганистаны дөрөв, Британийн гурав, Германы гурван иргэнээс гадна нислэгийн багийн есөн гишүүн байсан гэжээ. Тэдний дунд 15 хүүхэд байжээ.
Ираны Засгийн газар эхлээд осол техникийн гэмтлээс болсон хэмээн дамжуулж байсан бөгөөд ямар ч террорист халдлага болоогүй гэсэн юм. Харин зарим шинжээчид онгоц 2,400 метр өндөрт хүрсэн бол техникийн гэмтэл байлаа ч тийм хурдтайгаар доошилж сүйрэх нь тун эргэлзээтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: The BBC