СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханхүү Харри гэр бүлийн хамт хатан хаанаас татгалзсаны учир

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ханхүү Харри болон түүний гэр бүл хатан хаан хоёрдугаар Элизабетийн гэр бүлээс ангид амьдрахаар болсон гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэд өнгөрсөн онд төрсөн бяцхан ханхүү Арчигийн хамт цаг хугацаагаа Их Британи, Хойд Америкийн дунд эрх чөлөөтэйгээр өнгөрөөх хүсэлтэй байгаа ажээ. Эрх чөлөө гэдэг нь хэвлэл мэдээлэл, хатан хааны гэр бүлийн заавал хүлээх ёстой үүрэг хариуцлагаас ангид байхаас гадна санхүүгийн хувьд ч өөрсдийн бизнесээ босгох зорилготой байгаагаа мэдэгджээ.

Сассексын гүн Харри, гүнгийн авхай Меган Мэркл нар уг шийдвэрийг гаргахдаа олон сарын турш ярилцаж, бодож нухацтайгаар шийдсэн байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард Харригийн гэр бүл Африк тивд удаан хугацааны айлчлал хийсэн ба энэ үеэр Меган Мэркл хааны удмынхны амьдрал, аж байдалд зохицох үнэхээр хүнд хэцүү байгааг хэлж, Британи дахь найзууд нь анхааруулж байсан боловч хэвлэлийнхний дайралт ийм хүнд, амьдралыг нь ч сүйрүүлж магадгүй гэдэгт огт бэлтгэлгүй байсан тухайгаа ярьсан байдаг.

Үүний хажуугаар ханхүү Харри өөрийн сэтгэцийн эрүүл мэнд хэвийн бус, ах Уильямтайгаа төдийлөн нийцтэй байгаагүй, дарамттай амьдарч байсан тухайгаа ярьсан юм. Зарим эх сурвалжуудад дурдсанаар Харри угаасаа камеруудыг үзэн яддаг, албан ёсны ёслол, арга хэмжээн дээр уйтгарлаж харагддаг гэжээ.

Mail on Sunday сонин Меган Мэрклийн хувийн зурвасыг хууль бусаар олон нийтэд дэлгэсний дараа тус сонинг шүүхэд өгсөн юм. Энэ үед Харри “би тэднээс болж ээжийгээ алдсан. Харин одоо миний эхнэр адилхан шалтгаанаар хохирогч болж байна” хэмээн сэтгэл хөдөлсөн мэдэгдэл хийсэн билээ. Хос хууль бусаар хувийн мэдээлэл задалж, байж суух газаргүй болгодог хэвлэлийнхэнтэй эрс шийдэмгий тэмцэхээ хэлж байсан юм.

 

 

ВВС-ийн мэдээлснээр Харри, Меган нар уг шийдвэрийг гаргахаасаа өмнө хатан хааны гэр бүлийн хэнтэй ч зөвлөлдөөгүй, бие дааж шийдсэн ажээ. Хатан хааны гэр бүлийн гишүүдээс холдож энгийн иргэдийн амьдралаар амьдрах болсон тухайгаа Харригийн гэр бүл Инстаграм хуудсанд нийтэлснээс хойш ердөө гурван цагийн дараа гэхэд сая орчим хүн like дарсан байна. Иргэдийн дийлэнх нь Харрийг хааны титмийн төлөө шунаагүй ухаалаг төдийгүй зоригтой шийдвэр гаргасанд сайшаан магтаж, сайн сайхныг хүсч байсан бол зарим нь америкчууд эзэн хаант засаглалд тохирох тэвчээргүй гэдгийг харууллаа хэмээн шүүмжилжээ.

 

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.