Хэзээнээс таагүй харилцаатай Иран-Америкийн зөрчил мөргөлдөөн ойрын өдрүүдэд хурцдаж, нөхцөл байдал хаашаа ч хэлбийж болзошгүй байсан юм. Иран улс Трампын тушаалаар алагдсан генерал Касем Сулейманийн өшөөг авч Ирак дахь Америкийн цэргийн хүчний байрлаж байгаа баазууд руу пуужин харвасан билээ. Уг явдлын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Түүний 10 минут гаруй хугацаанд үргэлжилсэн илтгэлээс онцлох таван зүйлийг сийрүүлжээ.
1. Трамп мэдэгдлийнхээ эхэнд Ираны Иракийн Ибриль, Аль-Асад дахь дайралт Америкийн цэргүүдэд халгүй өнгөрсөн гэдгийг хэлсэн юм. Иран улс нийт 16 пуужин харвасны 12 нь байгаа онгож, үлдсэн нь алс хязгаарт унасан ажээ. Уг дайралтаар маш бага хэмжээний хохирол амссан байна. Үүгээрээ Америкийн Ерөнхийлөгч Иран улс урсгалыг сөрж биш дагаж буй нь харагдаж байна гэжээ. Өөрөөр хэлбэл ухрах байдал ажиглагдсан ба дайныг аль аль тал хүсэхгүй байгаа гэсэн санааг агуулсан байна.
2. АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэлдээ цэрэг дайны ажиллагаа, хариу үйлдэл үзүүлэх талаар дурдаагүй боловч Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэдгээ анхааруулжээ. Олон улсын шинжээчид Трампын илтгэлийг ялалтын өнгө аястай болсон гэж дүгнэсэн байна.
3. Нөгөө талаар Ираны хувьсгалт гвардын генерал Сулейманийг устгаснаар террористуудад хүчтэй цохилт өгч, анхааруулга болсон гэж Трамп хэлжээ. Хэрэв амь насаа үнэлж байвал манай улсын ард иргэдийн амь насанд аюул занал учруулах хэрэггүй гэжээ.
4. Ойрхи Дорнодын хямрал, тогтворгүй байдал дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд нөлөөлөх хэдий ч хэрэв шаардлагатай бол энэ бүс нутгийг Америк орхиж чадна гэдгийг Трамп мэдэгдэлдээ онцолсон байна.
5. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч байх хугацаанд Иран улс хэзээ ч цөмийн зэвсэг үйлдвэрлэж, ашиглаж чадахгүй хэмээн дурджээ.
Ажиглагчдын зүгээс Ираны хямрал Трампын хувьд улс төрийн өндөр ач холбогдолтой гэж харж байгаа юм. Магадгүй энэ онд явагдах Америкийн дараагийн төрийн тэргүүнийг сонгох санал хураалтад нөлөөлөх гэсэн эхний оролдлого ч байж болно.
Эх сурвалж: The BBC