Улсын Дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн талаарх прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Харин Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хэргийг сануулбал, Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг I сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эх нараас удаа дараа хахууль авсан хэмээн 2018 оны есдүгээр сард АТГ-ынханд баривчлагдсан билээ. Г.Бум-Эрдэнэд энэ үйлдлийнх нь төлөө анхан болон давж заалдах шатны шүүхээс 12 сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасах шийдвэрийг гаргаад байсан юм.