Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энхамгалан:
-Азийн хөгжлийн банкныхантай Сангийн сайдтай хамт сая уулзлаа. Тендерийг цуцлалгүй, шахаж ажиллая гэдэг дээр санал нэгдлээ. Учир нь зарим гүйцэтгэгч компани маань ажлаа 50-70 хувьтай гүйцэтгэсэн байна. Иймд санхүүжилтийг нь таслалгүй, өгөөд явъя гэж тогтлоо.
УБ-Дарханы замын ажил яагаад хугацаандаа ашиглалтад ороогүй вэ гэхээр үндсэндээ 9 сар хүртэл бороотой байсан. Хоёр сар л ажил гүйцэтгэсэн гэхэд ажлын талыг нугалсан байна гэдэг итгэл хүлээлгэхүйц үзүүлэлт гэж Азийн хөгжлийн банк хэлсэн.
-Энэ замыг 11 сард ашиглалтад оруулахгүй бол би хариуцлага хүлээнэ гэж та хэлж байсан?
-6 сарын 20-нд АХБ-тай гэрээ байгуулсан. Иймд 11 дүгээр сард хөдөлгөөн нээнэ гэж хэлсэн. Бид хоёр биш, 204км зам ашиглалтад оруулах тухай ярьж байгаа. Яаж ч бодсон амжихгүй шүү дээ. Харин бид хавар бүхэлд нь хаах биш, хэсэгчилж хааж, ашиглалтад оруулаад явъя гэсэн зүйл ярилаа. Уг нь бид бүхэлд нь хаагаад, ашиглалтад оруулъя гэж байсан.
-Танай яамны хэлтсийн даргын өрөөнд үнэхээр хятад хүмүүс мөнгө хаячихаад зугатаасан юм уу?
-Гүйцэтгэгч компанийн төлөөлөл уулзъя гэхээр яамандаа оруулсан юм шиг байна лээ. АТГ бидэнд бодитой мэдээллийг өгөөгүй. Тэр хүн бол одоогоор хоригдоогүй юм байна гэж бид ойлгож байгаа. Хэрэв гүйцэтгэгч компаниас хахууль өгөхийг оролдсон бол бид өөрчилнө. Иймд АТГ-аас мэдээлэл хүссэн. Удахгүй бидэнд мэдээлэл ирүүлэх байх.
-МИАТ ХК-ийн нисгэгч хар тамхи хэрэглэсэн асуудал гарсан. Бүтцийн өөрчлөлт хийж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Нисгэгч хүнд юу болох, юу болох вэ гэдгийг маш сайн мэддэг. Нислэгээс хэдэн цагийн өмнө юу хэрэглэх вэ гэдгийг ч мэддэг. Тэгэхээр энэ бол хувь хүний хариуцлагын асуудал. Иймд МИАТ ХК-д сахилга хариуцлагын тогтолцоо нэвтрүүлэхийн тулд яалт ч үгүй бүтцийн өөрчлөлт хийнэ. Орон тоо нэмэгдэхгүй.
-МИАТ-ийнхан Берлинд бөөнөөрөө архидсан байсан шүү дээ?
-МИАТ-ийн Берлин дэх төлөөлөгчийн газраас нисгэгч архи уусан байна гэдэг асуудлыг тавьсан. Нислэгийн ахмадтай би өчигдөр уулзсан. "Би гэр бүлтэйгээ явсан учир архи уугаагүй. Харин туслах нисгэгч гараад уусан байсан" гэсэн. Тэгээд унтахдаа цоргоо хаагаагүй унтсан. Гарсан төлбөрийг хувиараа төлнө.
-Газрын дарга Доржхандын асуудал ямар шатандаа яваа мэдээлэлтэй байна?
-Газрын дарга Доржхандыг АТГ-аас шалгасан. Ажлаас нь түдгэлзүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Миний ойлгосноор хоригдоогүй, гадуур байцаагдаж байгаа юм байна. Би энэ хэргүүдийг 2016 оноос өмнөх хэрэг юм болов уу гэж бодож байгаа. Хүн хэлмэгдүүлэх вий. Улстөрийн зорилгоор хүн буруутгах вий гэж хэлж байгаа.