Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын агаарын цохилтод амиа алдсан генерал Кассем Сулейманийг оршуулах ёслол өчигдөр түүний төрсөн газар болох зүүн өмнөд Ираны Керман хотод болж буй оршуулгын ажиллагааг Ираны бүх телевизийн суваг шууд дамжуулжээ. Хэт их хүн цугларч, генералын шарилыг оршуулгын газарт хүргэх боломжгүй болсноос болж арга хэмжээ нэлээд хугацаагаар саатсан байна.
Сая гаруй хүн оролцсон оршуулгын ёслолын үеэр хүмүүсийн шахцалдааны улмаас хамгийн багадаа 56 хүн дарагдан амь үрэгдэж, 200 гаруй хүн бэртэж, гэмтсэн тухай Ираны үндэсний телевиз мэдээлжээ.
Генерал Кассем Сулеймани нь Ираны Хувьсгалт Гвардын Кудс элит хүчний командлагч байсан бөгөөд Сири, Ирак, Ливан, Йемен зэрэг улсууд дахь зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж, Тегераны гадаад бодлогыг бүс нутагт хэрэгжүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байв. Генерал Сулейманигийн үхэл Америкаас өшөө авахыг уриалсан хөдөлгөөнийг Иран даяар өрнүүлээд байна. Керманд болсон оршуулгын үеэр хэлсэн үгэндээ Ираны Хувьсгалт Гвардын командлагч Хоссейн Салами бүс нутаг дахь АНУ-тай холбоотой бүх байгууламжийг галдан шатаахыг уриалжээ.
Өчигдөр Ираны Тасним мэдээллийн агентлаг Иран улс АНУ-аас генералын өшөөг авах 13 хувилбар төлөвлөгөө боловсруулаад байгаа тухай мэдээлсэн.
Эдгээрийн хамгийн энгийн төлөвлөгөө нь ч АНУ-ын түүхэнд хар хуудас болон бичигдэх чадвартай тухай Ираны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани хэлсэн байна.
“Хэрвээ АНУ-ын цэрэг манай бүс нутгаас сайн дураар гарч явахгүй бол бид тэднийг хэвтээгээр нь гаргах болно” гэж Шамхани хэлсэн тухай Тасним мэдээлжээ.
Ираны зүгээс сүрдүүлэг нэмэгдэж байгаатай холбоотой бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудад онц байдал зарлаад байна.
Эх сурвалж: https://www.foxnews.com/