Алт тушаалт 2013-2018 он хүртэл буюу таван жилийн хугацаанд тасралтгүй өсөж, жилийн өмнө 22 тоннд хүрч байв. Гэтэл өнгөрсөн онд алтны тушаалт 30 хувиар буурч, дөнгөж 15.2 тонн боллоо.
2018 онтой харьцуулахад алтны тушаалт биет хэмжээгээр 6.7 тонноор багасч, 893.8 тэрбум төгрөг алдсан байна. Алт тушаалт багасан нь Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь байх хуулийн хугацаа дуусаж, алтны роялтийг 5 хувь болгосонтой холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
Гэвч алтны роялти 5 хувь болсон нь Монголбанкны алт худалдан авалтад сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин өнгөрсөн онд мэдэгдэж байж. Гэтэл 2019 оны алтны тушаалт Монголбанкны төсөөллөөс бага үзүүлэлттэй гарсан нь энэ онд валютын нөөцөө ахиулах боломж хумигдаж байгаа юм.
Төв банк валютын нөөцийг бүрдүүлэх гол эх үүсвэр нь алт тушаалт гэж үзэж буй.
Тухайлбал, 2014 онд 12.7, 2015 онд 15.1, 2016 онд 18.3, 2017 онд 20, 2018 онд 22 тонн болж эрс өссөн дүр зураг бий. Ерөнхийдөө сүүлийн 30-аад жилийн алтны тушаалтад дүн шинжилгээ хийгээд үзэхэд, татварын хувь хэмжээтэй шууд холбоотой байдаг. Гэтэл татварын хувь хэмжээг нэмсэн нь алт тушаалтанд сөргөөр нөлөөлж, валютын санг өсгөж, төгрөгийн ханшийн уналтыг зогсоож чадахгүй байдалд хүрэв.