Өртэй хүн өөдөлдөггүй. Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон бонд гаргаж, долоон их наяд гаруй төгрөг босгожээ. 2021 онд “Мазаалай”, 2022 онд “Чингис”, 2023 онд “Самурай”, “Гэрэгэ”, 2024 онд “Хуралдай” бондын өрийг төлнө. Манай улс 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлнө. Нийт дүнгээрээ 2.9 орчим тэрбум ам.долларын зээл ирээдүйд биднийг хүлээж байна.
Дээрээс нь энэ оны долдугаар сард БНХАУ-тай байгуулсан своп хэлцлээр авсан 2.7 орчим тэрбум ам.долларын зээлийг сунгах, сунгахгүй талаар ярина. Энэ бол сонгуулийн маргааш биднийг угтах эдийн засгийн бодит орчин. Гэтэл өнөөдрийн эрх баригчид, улс орны авдрын түлхүүрийг атгаад сууж байгаа нөхөд өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэх хоноцын сэтгэлээр хандаж байна.
“Үе үе нэг цадна, үхэр гаргахаар нэг цадна” гэж үг бий. Яг үүн шиг сонгууль дөхөхөөр цаддаг ёс тогтов, бололтой. Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэе гэснээрээ “унтаж” буй популистуудыг сэрээчихэв. Өнөөх өртэй ахмадуудыг баярлуулах гэсэн биш баахан баалуулав. Эцэстээ эдийн засгийн чадамж муудна гэж хашгирцгаав. Нэгэнт хөдөлчихсөн галт тэрэгний араас даллаж гүйгээд яахав гэцгээсэн үү, хуваасан бялуунаас бүгд эрвийх дэрвийхээрээ амсах хүслээ илэрхийлэв. Өр тэглэх тухай шийдвэр эцэстээ өглөг болон хувирах нь тун ч тодорхой боллоо. “Ахмад бүрт сая төгрөг тараа. Тэгэхгүй бол тэтгэврийн зээлгүй ахмадууд гомдох гээд байна” хэмээн МАХН-ынхан мэдэгдэл хийв.
Араас нь “Зээлтэй ахмадуудыг баярлуулаад бусдыг нь гомдоож байна. Энэ шийдвэрээ эргэж хар. Үгүй бол Тавантолгойн хувьцааг иргэн бүрт адилхан хүртээж дансанд нь ирэх гуравдугаар сар гэхэд сая сая төгрөг хийж өг” хэмээх агсрал фэйсбүүкэд задгайрав. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тэтгэврийн зээлийн тэглэлт хайр хишиг, халамжид дуртай монголчуудын өглөг, авлагад амташсан занг сэдрээчихлээ.
Гурил, будаа тараасан бүхнийг сонгуулиар сонгохгүй, ийм л хүмүүс үе үеийн парламентад сууж байгаа учраас эрх ашиг, эд мөнгө шүтсэн эрх мэдлийн голууд бий болсоор эцэстээ Монгол Улс авлигажсан, хулгайчдаар дүүрсэн, шударга ёс мартагдсан улс боллоо хэмээн толгойтой бүхэн сануулж амтай бүхэн ярьдаг ч 2020 оны парламентын сонгууль яг энэ загвараас нэг их холдохгүй нь ээ. 2019 оноос хэдийнэ эхэлчихсэн тойргоо услах марафонд өнөөдрийн парламентын гол дүрүүд дахин тайзнаа гараад ирлээ. Ийм байхад бид өөр улс төр, өөр нэр дэвшигчдийг хүсээд биеллээ олохгүй нь ээ. Лидерийн хомсдолтой Монгол Улс цаашид ч төсвөө бондоор “болгоод” явах гарцаагүй ирээдүйг бүтээчихлээ.
ӨР ТӨЛБӨРТ САНАА ЗОВЖ БАЙГАА УЛС ТӨРЧ АЛГА
“Иргэдийн өрхийн орлого нэмэгдэж байна”, “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгнө”, “Цалингийн доод хэмжээг нэмнэ”...гэх хэдхэн жижүүрийн мэдэгдэлтэй болчихлоо, Монгол Улс. Ийм үед ирээдүйд төлөх өр төлбөрт сэтгэл зовниж, ам нээж байгаа эрх баригч, УИХ-ын гишүүд алга. Тэгвэл ахиад л сануулъя. Эдийн засаг өсөлттэй үед нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих хуримтлал бий болголгүй, бэлэн мөнгө тараагаад эдийн засгийн өсөлтөөсөө дутахааргүй инфляц бий болгосон алдааг бид энэ удаагийн сонгуулиар ч давтах нь ээ.
Энэ бол өнөөх бидний яриад байгаа эдийн засгийн оновчгүй, хүртээмж муутай бодлого.
Бараг арван жилийн өмнөөс л эдийн засгаа төгөлдөржүүлнэ, солонгоруулна, төрөлжүүлнэ хэмээн том том амласан. Энэ зорилтоо санаж байгаа, хийж хэрэгжүүлэхийг хичээж байгаа нэг ч улс төрч өнөөдөр л лав алга. Маргааш ч байхгүй биз ээ. Эдийн засаг улирлын чанартай хэвээр. Уул уурхай гэх ганцхан саалийн үнээтэй. Үнээгээ амраахгүй дэлэнг нь шувтарсаар байтал өнөөх нь туйлдах замдаа орж байна. Ганцхан жимээр хүрч очдог БНХАУ түүхий нүүрсийг “түлхэх” алсын хараагаа илэрхийлчихлээ. Ийм байхад “Мазаалай”, “Чингис”, “Хуралдай”, “Гэрэгэ” бондынхоо эргэн төлөлтийг ярьдаг хүнгүй болов.
Гэтэл “Чингис” бонд гэхэд л хамгийн өндөр дүнтэй, нэг тэрбум ам.долларын бонд. Бондын эргэн төлөлт 2021-2024 оны Засгийн газрын гадаад өрийн эргэн төлөлт манай улсын төсөвт ихээхэн дарамт учруулахаар байгаа юм. Манай улс түүхэндээ хамгийн өндөр буюу 1.5 тэрбум ам.долларыг олон улсын зах зээлд арилжаалсан нь “Чингис” бонд байв. 2018 онд төлөгдсөн 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх нэг тэрбум ам.доллараас бүрдсэн, 4.125-5.125 хувийн хүүтэй. “Чингис” бондын эхний өрийг “Гэрэгэ” бондоор төлсөн.
Бараг арван жилийн өмнөөс л эдийн засгаа төгөлдөржүүлнэ, солонгоруулна, төрөлжүүлнэ хэмээн том том амласан. Энэ зорилтоо санаж байгаа, хийж хэрэгжүүлэхийг хичээж байгаа нэг ч улс төрч өнөөдөр л лав алгаМаргааш ч байхгүй биз ээ. Эдийн засаг улирлын чанартай хэвээр. Уул уурхай гэх ганцхан саалийн үнээтэй. Үнээгээ амраахгүй дэлэнг нь шувтарсаар байтал өнөөх нь туйлдах замдаа орж байна...
Харин 2012 онд нийт 600 сая ам.долларын бонд босгох зөвшөөрлийг Хөгжлийн банканд өгсөн. Үүнд Сү.Батболдын Засгийн газар баталгаа гаргасан нь Евро бонд. Таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй, 580 сая долларыг олон улсын зах зээлээс босгосон. Монголын эдийн засаг хүнд байсан учир Хуралдай бонд босгож, Еврогийн өрийг дарсан. Сүүлийн арван жилд бид ерөнхийдөө бондын өрийг бонд босгох замаар дарж ирсний ээлжит жишээ нь дээрх бондууд юм.
Засгийн газраас 30 тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй, гадаад валютаар, хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжсан нь “Хуралдай” бонд. Тус бондыг гаргахад Японы Засгийн газар батлан даасан учир зарцуулалтад хатуу хяналт тавьдаг. Үүний дараагийн бонд нь “Дим Сам” бонд. Мөн нэг тэрбум юань буюу 160 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй тус бондыг арилжаалсан зорилго нь 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх байв. Харин хамгийн өндөр хүүтэй бондоор нэрлэгдсэн нь “Мазаалай”. Таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын уг бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан. Энэ нь Засгийн газрын 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогддог.
Бонд гэдэг нь Засгийн газар, аль эсвэл хувь компаниас төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүүжилт босгох гэж гаргасан, тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгээ эргүүлэн авдаг өрийн бичиг бүхий үнэт цаас юм. 2024 онд төлөгдөх “Хуралдай” бондын тухайд 8.75 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын өр юм. Үндсэн төлбөр хийх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам хүү төлж буй бөгөөд хүүд нь хагас жил тутамд 26 сая 250 мянган ам.доллар буюу 63 тэрбум гаруй төгрөг төлөх юм. Харин 2023 оноос эргэн төлөлт нь хийгдэж эхлэх “Гэрэгэ” бондын тухайд “Чингис”, “Дим Сам” бондын өрийг төлөх зорилгоор Засгийн газар 5.5 жилийн хугацаатай, 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын бондыг арилжаалсан.
ӨРӨӨ МАРТТАЛ СОНГУУЛЬДНА
2020 он эхэлчихлээ. Бид ирэх саруудыг тун ч сонирхолтой үйл явдлуудаар үднэ. Иргэд рүү чиглэсэн сюрпризүүд задарч халамжид халуурцгаана. Чих нь хатуу, нүд нь сохор, сэтгэл нь хөрчихсөн улс төрчид амилж элдэв янзын уулзалт хийж, тойргийнхоо сонгогчдын өмнө сэтгэлээ дэвсэж, санаагаа чилээх өдрүүд ирж буй нь өнөөх “айсуй баярын зөн” билээ. Цалин, тэтгэвэр нэмж, өр зээлээ төлж чадахгүй болтлоо улайчихсан байсан төсөв түнтийж гэнэт л халамжаар бөмбөгдөөд дөрвөн жил анир чимээгүй болохыг Монгол Улсын шинэ парламентын сонгууль хэмээдэг. Ээ гялай, ийм л сонгууль болохоор хаяанд ирчихсэн халамжид халуурсан монголчууд өрөө марттал сонгуульдахаар дор бүрнээ алгаа тосож байна.
М.Мөнхтунгалаг