Лондон дахь Хааны коллежийн эрдэмтэн судлаачид бага насны хүүхдэд тоомжиргүй хандаж, гансруулан зовоож, азгүй амьтан мэтээр бодогдуулбал тархи нь агшиж, хэмжээ нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй жижиг болдог гэдгийг судалж танилцуулжээ.
Энэ бол тархины хөгжлийн явцыг баримт нотолгоотойгоор хийсэн үр дүнтэй анхны судалгаа гэж үзсэн байна. Хэнтэй ч харилцдаггүй, хүн тоодоггүй, ганцаардмал өссөн өнчин болоод өргөмөл хүүхдүүдийн тархи сайн айлд өргүүлж, аз жаргалтай амьдарсан хүүхдүүдийн тархинаас 8,6 хувиар жижиг байгааг баталжээ.
1989 онд Румыны коммунист дарангуйлагч Николае Чаушескуг унасны дараа тамын нүх гэж нэрлэгддэг асрах газарт хоригдож байсан хүүхдүүдэд гэрэл гийсэн юм. Судалгааг удирдсан профессор Эдмунд Сонуга Барке зурагтаар Румын улсад хүүхдүүдийг хорьж цагдаж байсан асрах газрын зургийг харж байснаа маш тод санадаг хэмээн ярьжээ. Тэнд уранхай ноорхой хувцастай, халтар бохир нүд хальтрам байжээ. Тэдгээр хүүхдүүд нийгмийн харилцаанаас ангид, тоглоомгүй, тахалд үе үе нэрвэгдэж байснаас биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийн доголдолтой болсон байдаг.
Урьд өмнө хийж байсан судалгаануудаар Румынаас өргүүлж Их Британид ирсэн хүүхдүүд дээр голчлон анхаарч байв. Ингэхэд тэд насанд хүрсэн ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, аутизм зэрэг эмгэгээр өвчлөх магадлал өндөр байжээ. Үндэсний Шинжлэх ухааны академийн энэ долоо хоногт танилцуулсан судалгаа анх удаа тэдгээр хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд яагаад доголдолтой болсныг тархины багтаамжтай холбон тайлбарласан судалгаа болсон гэжээ.
Уг судалгааг хийхдээ Румыны өнчин хүүхдүүдийн асрах газраас өргүүлсэн 67 хүнийг хамруулж, тэдний тархийг аз жаргалтайгаар хүүхэд насаа өнгөрүүлсэн өргөмөл хүүхдүүдтэй харьцуулсан байна. Ингэхэд хорионд байсан хүүхдүүдийн тархины хэмжээ бусад өргөмөл хүүхдүүдээс 8,6 хувиар бага байжээ. Румын улсын асрах газарт илүү удаан хугацааг өнгөрөөсөн хүмүүсийн тархи үүнээс ч жижгэрсэн байгааг олж мэджээ.
Хэмжээг ийн тогтоосон боловч хэрхэн нөлөөлснийг хараахан тогтоогоогүй ажээ. Харин тархины бүтэц өөрчлөгдсөн байгааг олж тогтоосон байна. Энэ мэдээлэл дээр үндэслэн хүүхэд насаа ганцаардаж, зовж өнгөрөөсөн хүмүүсийн IQ яагаад сул байдгийг тайлбарлах боломжтой гэж үзжээ.
Эх сурвалж: www.bbc.com