Nissan-ы босс байсан Карлос Госнд хилийн хориг тавьсан байсан хэдий ч Токиогоос оргож Ливан улсад ирээд байгаа билээ. Түүний бүх бичиг баримтыг хураасан байхад хил гаалийн албан ёсны бүртгэлээс зугтаж, ямар ч ул мөр үлдээгээгүй нь Японы эрх баригчдыг багагүй сандаргасан юм.
Япон улс олон улсын цагдаа Интерполд хандан түүнийг баривчлах хүсэлтээ тавьсны дээр Ливан улсын Засгийн газарт хандан Госныг буцаахыг шаардаж байна. Токиогийн эрх баригчид хууль зөрчиж оргосон этгээдийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргана гэжээ.
Тэгвэл цагдаа, шүүх, прокуроруудын хатуу хараа хяналтад гэрийн хорионд шахуу байсан Госн хэрхэн оргон зугтсан нь олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Японы мөрдөгчид түүний талаар албан ёсны бүртгэлд огт дурдаагүй тухай мэдээлж байсан билээ. Тиймээс ямар нэг хууль бус замаар оргон зайлсан нь гарцаагүй хэмээн буруутгаж байгаа юм.
Сүүлд ирүүлсэн мэдээллээр Госн өнгөрөгч оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ алхаж гарсан байна. Дараа нь Осака хүртэл хурдан галт тэргэнд суужээ. Хурдан галт тэргээр Осакад хүрсний дараа тэндээс Турк хүртэл нислэг үйлдсэн гэжээ.
Тэрээр 2018 оны 11 дүгээр сард санхүүгийн гэмт хэргээр Япон улсад баригдаж, батлан даалтад суллагдсан хэдий ч эхнэртэйгээ уулзахыг нь хориглосон юм. Госн хувийн нисэх онгоцоор Турк улсад хүрч, тэндээсээ Ливан руу хөөрсөн байна. Ливан улсын иргэншилтэй бөгөөд тэнд эхнэр нь уулзахаар хүлээж байсан гэж эх сурвалжид дурджээ.
65 настай Госн Токио дахь гэрээсээ өдрийн 14 цаг 30 минутын үед гарч ганцаараа алхаж буйг хяналтын камерт бичсэн байна. Тэрээр Токиогийн зочид буудалд хоёр эрэгтэйтэй уулзаж, тэд Шинагава галт тэрэгний буудалд хамт очсон гэжээ. Осака руу хамт явсан бөгөөд Кансай нисэх буудлын ойролцоох зочид буудалд гурван эрэгтэй бүртгэлд бичигдсэн байгаа ажээ.
Зочид буудлын хяналтын камерын бичлэгт Карлос Госн гарч явсан дүрс үлдээгүй ч хоёр эрэгтэй том хэмжээтэй хоёр ширхэг хайрцаг аваад гарч байгаа нь бичигджээ. The Wall Street Journal сонинд нийтэлснээр Госн Турк явах хувийн нисэх онгоцонд суухдаа шууд дамжуулах шоунд ашиглах хөгжмийн тоног төхөөрөмжийн ёроолд нүх гарган амьсгалах зай бэлдэж нуугдсан гэжээ. Төхөөрөмжийг онгоцонд ачихаас өмнө нисэх буудлын шалган нэвтрүүлэх цэгт нарийвчлан шалгаагүй гэсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com