АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны генерал Касем Солейманийг устгасны дараа дэлхийн гуравдугаар дайн гарч ч магадгүй хэмээн зарим шинжээчид сэрэмжлүүлээд эхэлжээ. Трамп хэрэв ард иргэд нь хохирол амссаар байвал дайралтаа үргэлжлүүлнэ хэмээн сүрдүүлэн, заналхийлээд байгаа юм. Ингэхдээ Иран улсын нутаг дэвсгэрт 52 байрлалд дайралт хийхээр товлосны дотор НҮБ-ын Дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй түүхэн дурсгалт газрууд багтсаныг дурджээ. Энэ нь олон улсын тавцанд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа ажээ.
НҮБ-ын соёлын өвийг хамгаалах байгууллага, Их Британийн гадаад хэргийн яам зэрэг олон улсын шинж чанартай томоохон байгууллага, албан тушаалтнууд Трампын дайралт хийхээр нэрлэсэн тэдгээр газрууд бол хүн төрөлхтний түүхийн үнэт өв хөрөнгө тул халдашгүй байдлаар хамгаалагдсан гэж үзэж байна. Тэр дундаа АНУ нь Иран улстай соёлын өвийг хамгаалах гэрээ конвенцэд 1954, 1972 онуудад гарын үсэг зурсан байдаг ба дайн тулаан, хямрал мөргөлдөөн, цэргийн дайралтын үед хамгаална гэж санал нэгдсэн байдаг ажээ. Олон улсын хууль эрх зүйн талаас үзвэл өв соёлын түүхэн дурсгалт газарт цэргийн дайралт хийх нь дайны гэмт хэрэгт тооцогдох ялтай. Иран улсад дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй 20 гаруй газар байдаг аж.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Иракийн Багдад хотод генерал Солейманийг Америкийн дронууд агаараас галлаж устгаснаас хойш Иран, Америкийн зөрчил улам бүр хурцатсан. Үүний дараа буюу өнгөрсөн бямба гарагт Трамп Твиттер хуудсандаа Иран улсын соёл болоод тус улсын түүхэнд маш чухал ач холбогдолтой газруудыг багтаасан 52 байрлалд дайралт хийхээр тогтоод байгаа тухай жиргэсэн юм. Хэрэв Тегеран өш хонзон санаж, Америкийн Засгийн газар болоод иргэдийн ашиг сонирхолд халдвал маш богино хугацаанд, хүчтэй дайралт хийхэд бэлэн хэмээн анхааруулсан. Харин энэ сүрдүүлэг нь олон улсад доог тохуу болсон төдийгүй Солейманийн үхлийн дараа хоёр талд хуваагдаад байсан Ираны ард иргэдийг нэгтгэж чадсан хэмээн шинжээчид дүгнэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уг сүрдүүлгийг зөөллөхийн тулд Вашингтон олон улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна хэмээн мэдэгджээ. Гэсэн ч Трамп дахин сүрдүүлгийн шинжтэй зүйл жиргэсэн нь “тэд манай ард иргэдийг алж, дэлбэлж, устгаж байхад бид тэдний түүх соёлыг хөндөх нь зүй ёсны хэрэг биш гэж үү” хэмээсэн юм. Цагаан ордны зөвлөх Келлиан Конвэй Ерөнхийлөгчийн мэдэгдлийг хамгаалж, тэр соёлын өвийг устгана гээгүй, ердөө асуудал дэвшүүлсэн гэж даваа гарагт мэдэгджээ.
Дэлхийн түүхэнд Исламын улс зэвсэгт бүлэг Сири дэх Палмира эртний хот зэрэг алдартай сүм хийдүүдийг устгасан нь хараар бичигдэн үлдсэн билээ. Мөн Афганистан дахь Талибаны зэвсэгт бүлгийн дайралтаар Бамияан муж дахь дэлхийн хамгийн том Буддагийн хөшөө устсан юм.
Эх сурвалж: www.bbc.com