Засгийн газар хуралдаж Улаанбаатар хотын сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргасан талаар БСҮУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Угтаа сурагчдын 2-р улирлын амралтаар нийслэлийн сургуулиуд 21 хоног, хөдөө орон нутагт 14 хоног амрах ёстой. Гэвч томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа учраас Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах санал гаргаж Засгийн газраар хэлэлцүүлжээ.
Хэдийгээр БСШУСЯ-аас сунгахгүй гэсэн байр суурьтай байсан ч ЭМЯ-ны саналыг дэмжжээ. Хоцорсон хичээлийг агуулгаар нь нөхөхөөр тооцсон юм байна. Өөрөөр хэлбэл, 3-р улирлын амралтаас хасахгүй. Амралтын өдрүүдэд хичээлэх маягаар, эсвэл илүү цагаар хичээллэх маягаар нөхнө гэлээ.
Харин хөдөө орон нутгаас Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудын сурагчдын амралтыг мөн долоо хоногоор сунгах юм байна. Учир нь тус хоёр аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа аж. Энэхүү томуу, томуу төст өвчин нь В вирусээр үүсгэгдсэн бөгөөд 0-4 насныхан ч өвчлөх магадлал өндөр байна. Тиймээс шим тэжээлтэй хоол унд идүүлэх, асран хамгаалалттаа сайжруулах шаардлагатайг салбарын сайд онцолж байна.