СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөөн хэлэлцэхээр ял завшуулсан улстөрчдөд сонгуулийн хариуцлага тооцъё

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

"Авлигач улстөрчдийг толгой дээрээ залчихаад толгой дээрээ баалгаж, шээлгэж байгаа улстай надад ярих зүйл байхгүй” хэмээн Төрийн соёрхолт зохиолч Лодонгийн Түдэв гомдонгуй ч гэмээр юм уу өнгө аясаар хэлээд, дахин олны өмнө гарахгүй байгаа. Ийм нэг гомдол нийгэмд байгаад байгаа ч уур бухимдал, дургүйцлээ хэнд гаргахаа мэдэхгүй байна.

Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн хоёр даргын хэрэг анхлан Хөөн хэлэлцэх хугацаагаар дуусахад монголчууд Эрүүгийн хуулинд хэн нэгэн нь гар хүрч, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгосныг харж, бухимдаж эхэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаанд оруулсан өөрчлөлтийнхөө талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тайлбар хийж, “Мэргэжлийн хяналтын тэр дарга нар миний ангийн, сургуулийн хүүхдүүд боловч, ангийнхаа хүүхдүүдийг хэргээс мултлахын тулд хуулинд өөрчлөлт оруулаагүй” хэмээн хэлээд, дахин энэ талаар ярихаас цээрлэх мэт чимээгүй байгаа.

Архив ухахад, УИХ-ын чуулганы 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар юм. Хар тамхины хэргээр ял эдэлсэн монголын анхны дипломатч Шатарбалын хүү Раднаасэд хэн, хэний захиалгаар энэхүү хуулинд өөрчлөлт оруулсан нь одоо биш юмаа гэхэд хожим тодорхой болох биз.

. Хөөн хэлэлцэхтэй холбоотой асуулт асуусан сэтгүүлчийн өөдөөс нөгөө л шударга царайгаа төв болгож байгаад “Хөөн хэлэлцэхийг хугацааг богиносгоогүй, уртасгасан” гэж хээв нэг хэлж, амыг нь таглаж чадах хүн түүнээс өөр байхгүй. Гэвч тэрээр Х.Нямбаатарыг заналхийлсэн шигээ, ариун шударга тайлбараа өнөөдөр ч тавьсаар, энэ зуурт авлигач, албан тушаалтнууд шил шилээ даран “Гэмт буруутай нь шүүхээр тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн тамга дарж, дарагдан хэргээс мултарсаар байна.

Хуурамч гарын үсэг зурж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж улсад 40 сая ам.долларын бодит хохирол учруулаад байгаа “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдаад байна. “Алтан дорнод Монгол”-ын Ганболдыг Ганцад суулгаж, шоронд хатааж байгаад 4 сая ам.доллар авсан нь баримтаар тогтоогдсон Д.Дорлигжав нарын их замын дээрэмчдийн хэрэг мөн хаагдсан тухай Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар чуулган дээр мэдэгдлээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар нартай холбоотой Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100км авто замын тендерийн хэрэг Хөөн хэлэлцэхээр хаагдав.

“Хүргэн” Дэнзэнг гэм буруутай гэж үзсэн ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хуулийн байгууллага яаж ч чадахгүй, мухардав.

Улстөрчдийн энэ бузар булхайн хажуугаар хүн амины хэрэгтэн хүртэл эрх чөлөөтэй явж байх юм. 12 жилийн өмнө СТО-ны орчим хүн амины хэрэг үйлдсэн О гэгчийн хэргийг цагдаагийн байгууллага ур чадвар гарган, илрүүлсэн ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хаагдаад байгаа нь даанч гомдолтой биш гэж үү.

Хөөн хэлэлцэхээр ял завшигчдад хууль нь хүрч чаддаггүй юмаа гэхэд тэдэнд энэхүү боломжийг зүйл бүрээр олгосон улстөрчдөд хариуцлага тооцох сонгуулийн ухамсар Монголын ард түмэнд байгаа гэж найдна. Эс тэгвээс тэд бидний толгой дээр юу ч болоогүй мэт шээж, баасаар байна шүү дээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.