Японы Фукушима Дайчи цөмийн цахилгаан станц 2011 оны газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас сүйдэж, цацраг идэвхт бодис алдагдаж 20 гаруй жилийн дэлхийн түүхэнд тохиож байгаагүй хүнд цөмийн осол гарсан билээ. Тэгвэл өнгөрсөн есөн жилийн турш орхигдсон байдалтай байсан Фукушимаг сэргээгдэх эрчим хүчний төв болгохоор төлөвлөжээ. 2040 он гэхэд энд бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчний нарны болон салхин станцууд ажиллах юм байна.
Өнөөдрийн байдлаар Фукушима мужийн нийт цахилгааны хэрэгцээний 40 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бол 2040 онд буюу 20 жилийн дараа мужийн оршин суугчид хэрэглээгээ зуун хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. 2011 оны ослоор Дайчи цөмийн цахилгаан станцын гурван реактор хайлж, 150,000 оршин суугчийг цацраг идэвхт бодисын хор хөнөөлөөс хамгаалж нүүлгэн шилжүүлсэн билээ.
Японы Хөгжлийн банк, Мизухо банк хамтран 300 тэрбум иений төсөлд хөрөнгө оруулахаар болжээ. Бүс нутагт 11 ширхэг нарны, 10 ширхэг салхин цахилгаан станц барьж байгуулах ажлыг 2024 онд гүйцэтгэж дуусахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжиж дууссаны дараа Дайчи цөмийн станцын үйлдвэрлэдэг байсан гэрэл цахилгааны хүчин чадлын 2/3-тай тэнцэхүйц хэмжээтэй цахилгаан үйлдвэрлэнэ гэж тооцжээ. Тодруулбал 600 мегаватт хүртэл эрчим хүч үйлдвэрлэх аж.
1986 онд болсон Чернобылын цөмийн ослоос хойш хамгийн том осол болсон Фукушимагийн реакторууд хайлсны дараа Япон улс даяар ажиллаж байсан 54 реакторыг унтрааж, өнөөдрийн байдлаар тэдгээрийн ес нь л ажиллаж байна.
Эх сурвалж: www.theguardian.com