Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс, Викториа мужуудад 200 орчим ойн түймэр асч байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Викториа мужид 1,5 сая га, Шинэ Өмнөд Уэльсэд 5 сая га, нийлээд долоон сая га талбай түймэрт шатаж байна хэмээн судлаачид үзэж байна.
Түймэрт хамгийн их нэрвэгдэж буй Шинэ Өмнөд Уэльс мужийн имжний хөндий шатаж, уутат баавгай, имж, үхэр, хонь, шувуу зэрэг 480 сая гаруй амьтан улс орны хэмжээнд шатаж үхсэн гэж мэдээлж байгаа юм. Уг тоог гаргахдаа га тутамд нутагшсан амьтдын тоо толгойгоор тооцоолжээ. Тухайлбал нэг га ой хээрийн бүсэд 17,5 хөхтөн амьтан, 20,7 шувуу, 129,5 хэвлээр явагч нутагшсан гэж үзжээ.
Ерөнхий сайд Скотт Моррисон улс оронд нь түймэр асч байхад зул сарын баярын амралтаа Хавайд өнгөрөөсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан бол энэ удаад Энэтхэг улсад хийх ёстой байсан айлчлалаа цуцалсан байна. Цаг уурын дулаарлаас шалтгаалж ирэх саруудад ч түймэр унтрахгүй ассаар байж магадгүй хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ.
Ойн түймэрт 24 хүн амиа алдаж, 10 орчим иргэн сураггүй алга болсон байна. Австралийн Засгийн газар чөлөөндөө сууж буй армийн 3,000 алба хаагчийг түймэрт дайчилжээ. Ой судлаачид хэрэв ган гачиг цаашид үргэлжлэхгүй бол 12 сар буюу жилийн хугацаанд ногоон бүсийг сэргээх боломжтой гэв. Зүүн эргийн ойролцоо Сидней болон Мэлбурнд, Шинэ Өмнөд Уэльсийн зарим нутаг, зүүн эргийн бүсэд бороо орж, агаарын температур буурсан ч энэ нь түр зуурын бөгөөд унтраахад хангалтгүй хэмээн мэдээлжээ. Энэ долоо хоногийн пүрэв гарагаас агаарын хэм хална гэж анхааруулсан байна.
Дэлхийн улс орнууд, төр засгийн тэргүүнүүд Австрали улсад үүссэн нөхцөл байдалд эмгэнэл илэрхийлж амь насаа аюулд оруулж, түймэртэй тэмцэж буй онцгой байдлын газрын алба хаагчдад талархал илэрхийлж байна. Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет сэтгэл санаа ихээхэн зовж буйгаа илэрхийлжээ.
Австралийн түймрийг унтраахад туслахаар хандивын аян эхлүүлсэн байна. Тус улсын инээдмийн жүжигчин Келесте Барбер өнгөрсөн баасан гарагт гал сөнөөгчдөд туслах хандивын аян эхлүүлснээс хойш 48 цагийн дараа гэхэд 20 сая авс.доллар цугларчээ. Мөн АНУ-ын дуучин Пинк, Оскарын шагналт жүжигчин Никол Кидман нар Австрали улсад ойн түймэртэй тэмцэхэд хандивын арга хэмжээ эхлүүлэхээ олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ. Жүжигчин Никол Кидман хувиасаа 500,000 ам.доллар илгээхээр болсон байна. Манай Монгол улсын Засгийн газар ч мөн австраличуудад зориулж, 45,000 авс.долларын хандив тусламж үзүүлэхээр болсон байна.
Энэ дашрамд дурдахад 77 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг кино наадам өнгөрсөн шөнө болж, Холливудын нэрт жүжигчин Рассель Крөү нэр дэвшин өрсөлдөж, оролцох ёстой байсан ч Австрали улсад амьдардаг тул түймэрт бэлтгэж ирж амжихгүй болсноо мэдэгдсэн юм. Тэрээр дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг зурвас илгээж олны анхаарлыг татжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com