Иргэд олон нийтийн газарт компьютер, таблет, гар утас болон бусад мэдээлэл дамжуулах хэрэгсэл ашиглахдаа нийтийн цэнэглэгч, үнэгүй WIFI ашиглан хувийн мэдээллээ алдахаас сэрэмжлүүлж Тагнуулын ерөнхий газраас дараах мэдээллийг гаргажээ.
Сүүлийн үед хакерууд кафе, зочид буудал, нисэх онгоцны буудал зэрэг газруудад хуурамч, үнэгүй WIFI сүлжээ цацаад уг сүлжээнд холбогдсон хүмүүсийн хувийн мэдээллийг хулгайлах тохиолдол ихсэж байгаа аж. Иймд үнэгүй WIFI сүлжээнд холбогдохын өмнө тухайн газраас албан ёсны WIFI сүлжээг асууж нэвтрэх, нэвтэрсэн тохиолдолд банк санхүүгийн систем болон хувийн имэйл, олон нийтийн сүлжээгээ ашиглахгүй байхыг сэрэмжлүүллээ.
Мөн олон нийтийн газарт иргэдэд үнэгүй ашиглуулах зорилгоор залгаж орхисон кабелийн цэнэглэгчийг аль болох ашиглахгүй байхыг ТЕГ-аас сэрэмжлүүлжээ. Учир нь халдлага үйлдэгчид цэнэглэгч кабельд нэмэлтээр чип суулган олон нийтийн газар ашиглуулахаар орхиж, уг цэнэглэгч кабелийг ашигласан хохирогчийн гар утсан дахь нууц мэдээллийг олзлох, дамнан худалдах, барьцаалах тохиолдол олширч байгаа юм байна.