2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар буюу Увс, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дархан-Уул, Булган аймгуудын зарим сумдаар цасны зузаан дунжаар 11-20 см, нягт нь 0,11-0,24 25 г/см3 байна. Харин баруун болон төвийн аймуудын зарим, говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын ганц нэг сумдын нутгаар цасгүй, бусад нутагт 5 см хүртэл зузаан цастай байна.
2020 оны 01 дүгээр сарын 02-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд их (нэн их 21%, их 34%), 20 гаруй хувьд (25%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.
Үүнээс Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.
Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч хараар зутрах нөхцөл үүсч байгаагаас харын зуд болох төлөвтэй байна.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлэхээ Цаг уур, орчны шинжилгээний газраас онцоллоо.