-Юун түрүүнд та өөрийгөө танилцуулаач. Барилдах арга ухаан, мэхэнд 17 настайгаасаа суралцаж эхэлсэн түүхтэй байх аа?
-Намайг Дамдинсүрэнгийн Пүрэвдорж гэдэг. Манайх ам бүл тавуулаа. Дээрээ нэг ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй. Аав, ээж (хүний бага эмч) хоёр минь хөдөө Сайхан сумд малчин. Аав минь Монгол Улсын “Сайн малчин” хүн бий. Би Булган аймгийн Сайхан сумд 1989 онд төрсөн. Багадаа ахтайгаа их барилддаг байлаа. Ингэж явсаар 17 нас хүрээд сумынхаа найр, наадамд барилддаг болсон юм. 2009 оноос жүдо бөхийн Улсын шигшээ багийн дасгалжуулагч, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын шавь болсон.
-Ч.Насантогтох багшийн шавь болохоосоо өмнө самбо, жүдо бөхөөр хичээллэж байсан уу?
-Алинаар нь ч хичээллэж байгаагүй. 2008 онд Э.Энхбат ах улсын начин болж, цолны мялаалгын наадам хийсэн юм. Тэр наадамд Ч.Насантогтох багштай анх таарч, танилцсан. Тухайн жил бас Н.Түвшинбаяр ах олимпын аварга болж, хүндэтгэлийн бэсрэг наадам хийсэн. Тэр наадамд дахиад, Насаа багштай таарлаа. Багш “Чи бөх болох, барилдах сонирхолтой юу. Хэрэв үнэхээр бөх болох хүсэл, тэмүүлэл байгаа бол намар жүдо бөхийн шигшээ багт ирээрэй” гэлээ. Ер нь Насаа багштай багш, шавийн барилдлагатай болох хувь заяа цаанаасаа түшсэн. Тэгээд Улаанбаатарт ирж, самбо, жүдо бөхийн бэлтгэл сургуулилалтад хамрагдан хичээллэсэн.
-Үндэсний бөхөөр анх ямар тэмцээнд амжилт гаргасан бэ?
-Булган аймгийн арслан А.Ганболд, тэмээ өргөдөг Б.Жамъяндорж арслангийн нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн тэмцээнд түрүүлж, Ш.Эрдэнэ-Очир багштайгаа танилцаж, үндэсний бөхийн эрдмээс бага боловч суралцаж эхэлсэн. Гэтэл ар гэрийн ажилд хүн бүл дутаад, хөдөө мал дээр гарах болж дунд сургуулиа төгсөлгүй орхилоо. Малчин болчихоод байж байтал нэг өдөр Насаа багш утасдаад “Чи сургуулиа төгсөх хэрэгтэй, завсардаж болохгүй. Заавал сургууль, соёлоо төгс” гэж үүрэг өглөө. Тэгээд оройн ангид орж, дунд сургуулиа төгссөн. Насаа багш намайг татаж аваагүйсэн бол би өнөөдөр мал хариулаад явж байх байсан.
-Самбо бөх рүү хэдий үеэс оров оо?
-Шигшээ багт ороод, 2009 оноос самбо, жүдо бөхийн тэмцээнд барилдаж эхэлсэн. 2011 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнд -100 кг-ын жинд хүч сорьж, анхныхаа хүрэл медаль хүртээд их баярласан. Тэр тэмцээнээс нэлээн урам дэм олж авлаа. Гадны бөхчүүдтэй барилдаж болох юм байна гэсэн итгэл, үнэмшил ч төрсөн. Миний жин нэмэгдээд +100 кг руу өгссөн. Самбо бөхийн 2017 оны УАШТ-д барилдаж түрүүлээд, тэр үеэс хойш энэ төрлөөр түлхүү хичээллэсэн. 2018 онд дахин улсын аварга болов. Тэр жилдээ ОХУ-ын Москва хотод болсон Харлампиевын нэрэмжит дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртлээ. Их ч урам зориг орсон. Түүний дараа Ази тивийн аваргад түрүүллээ. 2018 оны намар дэлхийн аваргад Румын руу явав. Тэнд ОХУ-ын бөхтэй таарч барилдаад хожигдсон. Харин 2019 онд өмнөх жилийнхээ тэр алдаагаа засаж, дэлхийн аварга болж чадсан.
-Өөртөө чинь дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдсан Румыны тамирчин өндөр, том биетэй, бяртай байрын бөх байсан. Өөрөө Румыны бөхийн мөрөөр нь татаж харагдсан?
-Ер нь Европын бөхчүүд биерхүү, том байдаг. Биеийн хөгжил сайтай, хоёр метр гаран өндөртэй, бяртай, ханагар эрчүүд. Би 180 см өндөртэй. Европын бөхчүүд надаас 20-30 см-ээр илүү өндөр гээд боддоо. Гэхдээ тэмцээнд биеийн өндөр, намаар барилдах биш. Хэн илүү бэлтгэлтэй, илүү барилдаан гаргасан нь түрүүлдэг. 2019 онд миний бэлтгэл сайхан таарсан. Алдаа гаргалгүй, сайн барилдахыг хичээсэн. Тэр хичээл, зүтгэлийн минь үр шим дэлхийн аваргын алтан медаль болон ирлээ.
-Самбо бөхөөр Орос, Беларусь, Украин, Гүрж, Азербайжан, Казах, Узбекийн бөхчүүд сайн барилддаг. Энэ жил хэсгийн барилдаанд Оросын бөхтэй таарав уу?
-Хэсгийн эхний барилдаанд Оросын бөхийг хожсон. Зооны аваргын төлөө Беларусийн бөхтэй барилдаж ялсан. Сугалаа чанга таарсан шүү. Байлдааны самбын Л.Занданхүү багш, Шигшээ багийн Г.Үүрцолмон багш хоёр миний сугалааны оноолтыг харчихаад “За өнгөрчээ, байхгүй. Нөгөө Пүүжээ чинь “Махны машин”-д орчихож” гээд хоорондоо ярьж л дээ. Тэгсэн “Женко”-гийн гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр багш “Юу ярьж байгаа юм. Орос, Беларусийн бөхтэй барилдах гэж, тэр хоёроор биеэ халаах гэж ирсэн биз дээ. Тэр хоёрыг ялаад л түрүүлнэ” гээд тамхи татаад суусан гэнэ лээ. Тэмцээн дууссаны дараа гурван багш тэр тухайгаа ярьж баахан инээлдсэн.
-Румыны бөхтэй ямар тактикаар барилдав аа?
-Багш, дасгалжуулагч нартай ярилцаж зөвлөсний дагуу тактик боловсруулан барилдсан. Мөн Х.Цагаанбаатар ах зөвлөгөө өгсөн. Туршлагатай олон хүн байсан болохоор тэдний зөвлөгөөг их сайн сонссон. Д.Алтансүх найз минь өмнөх өдөр барилдаж дэлхийн аварга болсон нь баг, хамт олноо сэргээсэн. Тийм болохоор дэлхийн аваргын алтан медалийн төлөө хариуцлагатай барилдаанд хичээж, алтан медалийн талаар юу ч бодолгүйгээр дэвжээнд гарсан. Элдэв, олон янзын юм бодох угаасаа дэмий байдаг. Мэдээж алтан медаль авах зорилго бол тодорхой. Тэр зорилгын төлөө бөх болж, бэлтгэл сургуулилалт хийсэн. Тийм болохоор ховор олдох боломжийг алдахгүйгээр, хянуур барилдахыг хичээсэн. Хөдөлгөөн болгон, барьц, байрлал бүхэн чухал байлаа. Тэгээд тайван, хяналттай байж, бодсон төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадсан. Надаас өмнө Б.Бат-Эрдэнэ аварга +100 кг-ын жингийн анхны дэлхийн аварга болж байсан юм билээ. Түүнээс хойш +100 кг-д Монголоос бөх түрүүлж байгаагүй.Би 30 жилийн дараа Монгол Улсдаа +100 кг-ын жингийн хоёр дахь дэлхийн аваргын алтан медалийг авчирсан.
-Гадны бөхчүүд үндэсний бөхийн бусгах, зайлах, гар ачих, шахаж татах мэхийг мэдрэхгүй унах нь нэлээн байдаг. Эхэлж оноо авсан, бусгаж өшиглөх мэхийг хийхээр төлөвлөсөн байв уу?
-Гадны бөхчүүд бусгах, зайлах мэхийг мэдрэхгүй унах нь бий. Тэдэнтэй лавхан явж, хав золгосон барьцтай барилдах нь чухал. Румыны бөхөд бусгаж, өшиглөх мэхийг хийнэ гэж төлөвлөөгүй. Үндэсний бөхөөс эхэлж сурсан бусгах, хутгах хоёр мэх минь тулсан чухал үед хэрэг болсон.
-Манай улсын хүнд жинд шилдэг бөх олон байна. Тэд самбо, жүдо бөхөөс гадна сүмо, кураш, күрес, жиү жүци, бүст барилдаанаар барилдаж дэлхийн аварга болоод байгаа. Эдгээр төрлөөр барилдаж үзэв үү?
-Би самбо, жүдо, үндэсний бөхөөр дагнан хичээллэж байгаа. Бусад бөхийн төрлөөр барилддаггүй. Уг нь барилдаад явбал болохгүй ч зүйл байхгүй л дээ. Эдгээр бөхийн төрлөөс дэлхийд хичээллэгсдийн тоогоор тэргүүлдэг, топ спортын төрөл нь жүдо, самбо бөх байгаа юм. Тийм учраас бусад ижил төстэй төрлөөс арай илүү хөгжиж, нэр хүнд нь өндөрт байна. Ер нь сүмо, кураш, күрес, жиү жүци, бүст барилдаан шинээр дэлхий дахинд түгэн дэлгэрэн хөгжиж байгаа бөхийн төрлүүд л дээ.
-Манай улсын самбо бөхийн хөгжлийн оргил үед жилд 2-3 дэлхийн аварга төрдөг байлаа. Дэлхийн аваргын арван жингийн бүгдээс нь медаль хүртдэг байсан. Тэр үеийн амжилтыг 2019 онд давтаж, дэлхийн хоёр аварга төрлөө. Үүнийг самбо бөхийн сэргэн мандалтын үе дахин эхэллээ гэж хэлж болох уу?
-Самбо бөхийн холбоо сайн ажиллаж байгаа. Самбо бөхийн холбоо олон багштай, мөн багийн эмчтэй болсон. Төрөөс самбо бөхийг дэмжиж, бэлтгэлийн заалыг дахин сэргээж, буцааж олгосон нь самбо бөхчүүдийг баярлуулсан. Тэр баярласан сэтгэлээ амжилтаараа хариулж, найз ОУХМ Д.Алтансүхтэйгээ хамт дэлхийн аварга болсондоо сэтгэл хангалуун байгаа. Бид багаараа дэлхийн аваргад амжилттай оролцож олон медаль хүртлээ. Цаашид илүү өндөр амжилт гаргах боломж манай баг, тамирчдад бий. Энэ алтан медаль Д.Алтансүх бид хоёрын медаль гэхээсээ илүүтэйгээр Монголын самбо бөхийн баг, хамт олон, багш нарын хөдөлмөр, хөлс, хүч шингэсэн, их үнэ цэнээр ирсэн. Үүнд хүчний бэлтгэлийг минь тохируулан, хангаж өгдөг хүндийн өргөлтийн улсын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийн хувь нэмэрч бий.
-Самбо бөх удахгүй олимпын төрөлд орно гэсэн яриа байгаа. 2020 оны Токиогийн олимпод орох болов уу?
-2020 оны олимпод үзүүлэх тоглолт байдлаар оролцох яриа байсан. Эцсийн шийдвэр хараахан гараагүй. Харин 2024 оны олимпын хөтөлбөрт багтах нь бараг л тодорхой болсон юм билээ.
-Өнгөрсөн жилийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдсан уу?
-Түрүү жил жүдогийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Би жүдогийн улсын аваргад жил болгон ордог. Нэг ч удаа түрүүлж, бүр мөнгөн медаль ч хүртэж үзээгүй. Дандаа л хүрэл медаль хүртдэг.
-Самбо бөхийн дэлхийн аварга “Алтан Пүүжээ”, харин жүдо бөхийн “Хүрэл Пүүжээ” юм биз дээ. Жүдо бөхийн улсын аваргын хэдэн хүрэл медальтай вэ?
-Нээрээ тийм юм байна шүү. Самбо бөхийн УАШТ-ий хос алтан медальтай хэрнээ жүдогийн улсын аваргын 6-7 хүрэл медальтай.
-Дэлхийн аваргын алтан медалиас гадна хамгийн үнэ цэнтэй олдсон медаль гэвэл?
-Миний хүртсэн бүх л медаль надад үнэ цэнтэй санагддаг. Амар, хялбар олдсон медаль гэж байхгүй. Миний хөлс, хөдөлмөр шингэсэн болохоор бүх медаль дэлхийн аваргын алтан медалиас ялгаагүй. Бүх медальдаа хайртай. Жижиг, том тэмцээний медаль гэж ангилж ялгаад байдаггүй.
-Сэтгэлдээ хүртэл сайн барилдаж чадаагүй, хамгийн хүнд хэцүү, сургамжтай барилдаан хэзээ байв аа?
-2018 онд Румынд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэлнэ. Тэр дэлхийн аваргад Оросын бөхөд ялагдсандаа харамссан. Би өөрт байгаа бүх нөөц боломжоо гаргасан ч хожигдсон. Анх оролцсон дэлхийн аваргын тэмцээн байсан болохоор туршлага дутсан байх. Хэт их хичээсэн. Биеэ барьсан зэрэг алдаа гаргасан болов уу гэж боддог. Их сургамжтай тэмцээн болж билээ.
-Өөрөө жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин. Тийм болохоор Н.Түвшинбаяр аваргын гол бэлтгэл хангагч болно биз?
-Лондоны олимпын бэлтгэлийг 2012 онд Нүхтэд хийхэд Н.Түвшинбаяр ахын бэлтгэл хангагч нь байсан. Ер нь миний самбо бөхийн дэлхийн аварга болсон амжилт багшаас ялгаагүй нутгийн ах Н.Түвшинбаяр, Э.Энхбат ах нарын хичээл зүтгэл, үндэсний бөхийн улс, аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд, самбо, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид, хамт бэлтгэл хийдэг найз нөхөдтэй минь салшгүй холбоотой.
-Н.Түвшинбаяр аваргатай, нэг нутаг, нэг сумынх. Танай хоёр хоорондоо хэр ойр нутагладаг вэ?
-50-60 гаруй км зайтай. Манайх Сайхан сумаас баруун урагш I бригадын Бүрдний голд байдаг. Намайг төрөх үед Сайхан уулын ард байсан юм билээ. Тэгээд удалгүй I бригад руу нүүсэн гэсэн. Миний төрсөн газар Сайхан уулын ар, өссөн газар Бүрдний гол.
-Олимпын аваргыг багадаа таньдаг байв уу?
-Танилгүй яах вэ. Бид хоёр нэг сургуулийн хүүхдүүд. Гэхдээ аварга надаас таван ангийн дээр төгссөн.
-Цаашид самбо бөхийн төрлөөрөө дагнан хичээллэх үү?
-Самбо бөхөөрөө явахын хажуугаар жүдо, үндэсний бөхийн төрлөө орхихгүйгээр хичээллээд явна.
-Үндэсний бөхийн ямар цол, чимэгтэй вэ?
-Үндэсний бөхийн аймгийн харцага цолтой. Булган аймгийнхаа наадамд 2012 онд зургаа давж, аймгийн харцага цолыг авсан. Улсын баяр наадамд хоёр удаа гурав давж байлаа. Эхний жил нь гурав даваад дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргад унасан. Дараа жил нь Ч.Санжаадамба аваргад өвдөг шороодсон. Энэ жилийн улсын наадамд барилдана.
-Оросууд Кавказ болон Дундад Азийн орнуудын самбочдын мэхний шилжилт, хөдөлгөөн, хэвтээ барилдаанд их сайн байх юм. Өөрөө босоогоос хэвтээд шилжих барилдааныг хэр сайн хийдэг вэ?
-Самбо бөх манай үндэсний бөхтэй адил төстэй, босоо барилдаантай. Монгол бөхийн бүх мэхийг самбо бөхөд хийхийг зөвшөөрдөг. Харин жүдо бөхөд үндэсний бөхийн хөл мэх хийхийг хориглодог болсон. Манай самбочид босоо барилдааны мэхээ сайн хийдэг. Гадны бөхчүүдээс хэвтээ барилдаанаар жаахан дутуу. Би ч гэсэн босоогоос хэвтээ барилдаан руу шилжих хөдөлгөөнийг тийм төгс сайн эзэмшээгүй. Хэвтээ барилдаанаа сайжруулах бэлтгэл хийж байгаа.
-Энэ онд ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?
-Оны эхэнд самбо, жүдо бөхийн УАШТ болно. Үүний дараа самбо бөхийн Беларусийн ерөнхийлөгчийн цом, Москвагийн дэлхийн цом, оны төгсгөлд намар есдүгээр сард самбо бөхийн ДАШТ болно.