“Монголоо шинэчилье” клубээс монгол хүний бодит орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх Үндэсний санаачилгыг гаргаж байгаа тухай өнөөдөр /01.02/ мэдээлэл хийлээ. Санаачлагын хүрээнд монгол хүний дундаж цалинг 2030 он гэхэд 1000 ам.доллар хүргэхээр төлөвлөжээ. “Монголоо шинэчилье” клуб нь 2014 онд байгуулагдсан , бүтээлч монгол хүнийг дэмжих, бүтээсэн бол сайхан амьдрах, итгэл төгс монгол орноо хөгжүүлье гэсэн уриатай ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд монгол хүний хөдөрмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтолцоо, ардчиллыг үзэл баримтлалын тухай хэлэлцүүлэг зохион байгуулж байжээ. Клубын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг “Монгол хүний бодит орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх санаачлагыг хэрэгжүүлж ажиллахад ТББ, иргэний нийгмийнхэн, хувийн хэвшлийнхэн, төр засгийг хамтран ажиллахыг уриалж байна. Мөн иргэд маань идэвхитэй оролцох хэрэгтэй. Үндэсний хэмжээний зорилт учраас нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Дундаж цалинг 1000 ам.доллар болгоно. Ингэснээр гадаадад амьдарч байгаа олон мянган залуус эх орондоо ирнэ” гэв.
Эдийн засагч Н.Энхбаяр “Энэ санаачлагыг хэрэгжүүлж ажиллахад хууль эрх зүйн орчин бүрэн бий. 2015 оны Хөгжлийн бодлогын тухай хуулиудыг баталсан байдаг. Энэхүү хууль монголын хөгжлийн бодлогын баримт бичиг нь олон нийтэд ил тод нээлттэй, нийтийн оролцоог хангасан байх гэж заасан байдаг.
Мөн сүүлийн 10 жил буюу 2010 оныг 2019 онтой харьцуулахад төгрөгийн худалдан авах ерөнхий чадвар хоёр дахин унажээ. Төгрөгийн ханшийн уналт нь өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 50-60 хувийг эзэлдэг импортын барааны үнийг хөөрөгдөн өсгөж, энэ хэмжээгээр айл өрхийн зардлыг нэмэгдүүлж, үр дүнд нь дундаж орлоготой айл өрхийн тоо буурч, орлого багатай айл өрхийн тоо нэмэгдэж байна. Тэгвэл төгрөгийн ханш унахад нөлөөлсөн хүчин зүйл нь юу вэ? Хамгийн гол хүчин зүйл бол хавтгайрсан халамжийн бодлого, бэлэн мөнгө тараасан явдал юм. Хэрэв бид цаашид улс төрийн намын амлалтаар бэлэн мөнгө тараадаг популист үйл ажиллагааг үргэлжлүүлбэл нийт хүн амын тэн хагас нь ядууралд өртөх эрсдэлтэй байна” гэлээ.
Эдийн засагч, судлаач Ч.Отгочулуу: “13 тэрбум ам.долларын эдийн засгийг 10 жилийн дотор 40 тэрбум ам.долларт хүргэхийн тулд энгийнээр тайлбарлавал бидэнд ахиад Оюутолгой шиг 10 төсөл хэрэгтэй. Бидний зүгээс эхний ээлжинд доорх 15 төслийг санал болгож байна. Эдгээр төсөл бизнесийн хувьд судалгаа, шинжилгээ нь хийгдчихсэн хэдий ч улс төрийн зөвшилцөл хэрэгтэй байгаа юм. Тиймээс энэ төслүүд дээр нэгдсэн ойлголтод хүрэхийг уриалж байна” гэлээ.