Ираны хувьсгалт гвард буюу хувьсгалыг хамгаалагчдын элит Кудс хүчний удирдагч генерал Касем Солейманийг АНУ-ын цэрэг армийн хүчин Ирак улсын нутаг дэвсгэр дээр устгасан тухай олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд дамжуулж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар генералыг Багдадын нисэх буудлаас явах замд дроны тусламжтай агаараас дайрч устгасан гэдгийг Пентагон батлан мэдэгдлээ. Генерал Солеймани Ираны цэргийн хүчний хамт явж байжээ. Ираны дээд удирдагч Аяатолла Аль Хаменей Америкийн Засгийн газрын дайралт хатуу өшөө авалтад хүргэж байна хэмээн мэдэгдэж, улс орон даяар гурав хоногийн турш гашуудал зарлажээ.
Генерал Солеймани нь Ираны дэглэмийн гол хүн бөгөөд үндэсний хэмжээний баатар хэмээн хүндлэгддэг тухай эх сурвалжид онцолжээ. Дээд удирдагч Аяатолла Аль Хаменей түүний Кудс хүчинтэй шууд хамааралтай гэсэн байна. Иран улсын Гадаад хэргийн сайд Жавад Зариф Пентагоны уг дайралтыг олон улсын терроризмын гэмт хэрэг гэж хурцаар шүүмжлэн буруутгалаа. АНУ уг хэрэгтээ хариуцлага хэлээх ёстой гэж үзэж байна.
Гэвч Вашингтон Кудс хүчнийг олон улсын террорист байгууллага хэмээн зарлаж, амь насаа алдсан олон зуун америк иргэний үхэлд хариуцлага хүлээхийг шаардсан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ тухай мэдээг Твиттер хуудсандаа жиргэсний дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тэр даруй дөрвөн хувиар өсчээ.
Солеймани Ливан аль эсвэл Сири улсаас Багдадын нисэх буудалд газардсан гэж таамаглаж байна. Түүний явж байсан цувааг бөмбөгдөж, генералаас гадна багадаа таван хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Иракийн цэргийн удирдагч Абу Махди аль Мухандис тэдгээр алагдсан хүмүүсийн дунд байгааг Ираний хувьсгалт гвардын зүгээс мэдэгдсэн байна.
Багдад дахь АНУ-ын элчин сайдын яам руу босогчид халдаж, галдан шатааснаас хойш цөөн хоногийн дараа уг дайралтыг хийжээ. Пентагоны зүгээс элчин сайдын яамны халдлагыг генерал Солеймани дэмжсэн гэж буруутгаж байгаа юм. Хошууч генерал Касем Солеймани нь 1998 оноос хойш элит Кудс хүчнийг удирдсан байна.
Эх сурвалж: www.bbc.com