-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээ мэдэгдлээ. Та тэтгэврийн зээлийн талаар судалгаа хийж байсан. Энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Халамжийн бодлогын нэг хувилбар л байна. Төрийн халамж зөв хүндээ очих ёстой. Хавтгайруулаад халамжлаад байвал үр дагавар нь аюултай. Бэлэнчлэх сэтгэлгээтэй, арчаагүй хүмүүс л нийгэмд бий болно. Тэтгэврийн зээл тэглэхэд ялгавартай, гэхдээ судалгаатай хандах хэрэгтэй. Төр засаг юу хүсэж байна, түүн рүүгээ чиглэсэн арга хэмжээ авах ёстой. Тэтгэврийн зээл тэглэх нь зээл авахгүй байх шалтгааныг арилгахгүй учраас тэр хүмүүсийн амьдралд онцгой өөрчлөлт гаргахгүй. Зээл тэглэх мөнгөөр хүмүүсийн амьжиргааг урт хугацаанд, тогтвортой дээшлүүлэх арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Жишээ нь, тэтгэврийг нь нэмж болно. Тэгээд ч зээл аваагүй нь хохирч болохгүй. Төрийн бодлого бүгдэд тэгш, жигд хүртээмжтэй байх ёстой. Нөгөө талаар тэтгэврийн зээлийг тэглэвэл ирээдүйн тэтгэвэр авагчдад ямар үлгэр, дуурайлал үзүүлэх вэ гэдэг талаас нь бас бодолцох хэрэгтэй.
-Өнөөдрийн байдлаар 770 тэрбум гаруй төгрөгийн тэтгэврийн зээл бий гэх мэдээлэл байна. Энэ зээлийг тэглэх амлалт зээлтэй хүмүүст сайхан сонсогдож болох ч үр дүн нь ямар байх вэ. Төгрөг үнэгүйдэх нь ээ?
-Тэтгэврийн зээлтэй хүмүүс баярлаж хүлээж авах нь мэдээж хэрэг. Гэхдээ судлаачийн хувьд би тэтгэвэртэй холбоотой асуудалд арай өөр бодолтой байдаг. Тэтгэврийн зээлийн хүрээнд хийсэн судалгаанаас зээл олгох хэрэггүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Учир нь тэтгэврийн зээл олгож байгаа нь хөгшчүүдийг дэмжих биш улам ядуу болгож байна. Эдийн засаг, мөнгө санхүү, төсвийн том шийдвэр гаргахад Монголбанк, Засгийн газартай зөвшилцөх ёстой.
Манайд төсөв болон мөнгөний бодлогын уялдаа маш сул байж ирсэн. Тэтгэврийн зээлийг тэглэх нь арилжааны банкуудад ашигтай байж болох. Зээл нь төлөгдөнө, дахиад зээл гарна. Тэтгэврийн зээл тэдэнд ашигтай, дээрээс нь хамгийн эрсдэл багатай байдаг. Хэрэв энэ шийдвэр албажвал тэтгэврийн зээлээ тэглүүлж байгаа ахмадууд болон банкуудтай төрөөс хэлцэл хийх хэрэгтэй. Хэлцлийн утга нь, бизнес хийхэд хөшүүрэг болох ямар нөхцөл байж болохоор байна вэ гэдгийг оруулсан заалттай тэтгэврийн зээлийн нөхцөл гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч орлого бүтээхэд нь чиглэсэн нөхцөлтэй байх хэрэгтэй. Эсвэл зээлсэн мөнгөөрөө цагаан сараар зөвхөн үндэсний үйлдвэрийн бараа худалдан авах ч гэдэг юм уу. Тэтгэврийнхний амьжиргааг дээшлүүлэнгүүтээ улс оронд ашигтай байх тийм өөрчлөлт хийх хэрэгтэй л дээ.
-Тэтгэврийн зээлийн талаар хийсэн судалгааныхаа талаар та ярихгүй юү?
-Зээлийн зориулалтаас нь харахад, олонх нь хэрэглээнд, багахан хэсэг нь үр хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж байсан. Хэрэглээнд нь тэтгэвэр хүрэлцэхгүй учраас л зээл авч байна гэж ойлгож болно. Маш бага хэсэг нь бизнест зориулж авсан. Судалгаагаар тэтгэврийн зээлийг хүүхдүүд, хамаатан садан ойр дотны хүмүүс нь хэрэглэдэг, зээлийн хугацаа нь дуусангуут сунгуулдаг дүр зураг түгээмэл харагдсан. Судалгаанд оролцсон ахмадууд тэтгэврээ зээлсэн учраас цай, сүү, эм тариа, хүүхдийн ам хуурах чихэр, жимс ч авах мөнгөгүй болсон гэж хариулж байсан.
-Ер нь манайд тэтгэврийн системийг ямар байдлаар хөгжүүлбэл оновчтой юм бэ?
-Энэ их чухал. Өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоо үгүйлэгдэж байна. Тэтгэвэрт гарахдаа эртнээс бэлтгэдэг тогтолцоо хэрэгтэй. Хувийн тэтгэврийн сан бий болгоход санаачилгатай байх тогтолцоо чухал байна. Бүх зүйлийг төрд үүрүүлж болохгүй. Олон орны олон зуун жилийн туршлагаар бий болгосон, амьдралаар шалгагдсан тогтолцоонууд байна. Тэдгээрээс Монголын хөрсөнд суусан тогтолцоо бий болгох нь зүйтэй юм. Энд нэг зүйлийг онцолмоор байна. Хийснийхээ хэрээр авдаг байх тогтолцоо чухал.
-Манай улстөрчид худал амлалт, хоосон улс төр хийж, эдийн засгаа сүйрүүлж буй жишээ олон байна. Улстөрчид хариуцлагагүй мэдэгдэл хийснээс үүдэж хохирогч нь ард түмэн болж байх. Энэ байдалд цэг хатгахын тулд яах ёстой юм бэ. Асуудалд шинжлэх ухаанчаар хандах үгүйлэгдсэн цаг хугацааг бид нийтээрээ туулж байна?
-Улстөрчид улс орныг хөгжүүлэх талаасаа бус, ядуу ард түмэнд тохируулж амлалт өгдөг. Ядуу хүмүүст зориулсан өдөр хоног аргацаах амлалт нь тэднийг хуурахад амар байдаг. Ард түмнийг ядуурлаас гаргах зөв арга хэмжээ энэ цаг үед их чухал байна. Ер нь дорвитой, урт хугацааны, үр ашигтай арга хэмжээ авах хэрэгтэй. Ажиллаж байгааг нь урамшуулдаг, хийх бүтээхэд түлхэц өгсөн арга хэмжээ улс орныг хөгжүүлж, ядуурлыг бууруулна. Судалгаанд суурилсан бодлого явуулахгүй байна. Жишээ нь, тэтгэврийн зээл олгосноороо ахмадуудын амьжиргааг дээшлүүлэх үү, дордуулах уу гэдгийг судалсны дараа шийдвэр гаргадаг байх ёстой. Сонгуульд зориулж асуудалд хандвал улс орон, ард иргэд хохироод үлдэнэ.
-Монгол Улсын эдийн засаг өсөлттэй, инфляц тогтвортой байгаа тухай холбогдох албаныхан удаа дараа хэлж буй. Ер нь бодит байдал ямар байна вэ. 2020 онд эдийн засаг ямар байх прогноз байна вэ?
-Бодит байдалд гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн статистик байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч ядуу байх тогтолцоо манайд бий болжээ. Эсрэгээрээ албан тушаал, эрх мэдэлтэй нь баяждаг болсон байна. Энэ нь эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагийн илрэл. 2020 оныг хоёр талаас нь харж байна. Ирэх зун сонгууль болно. Эдийн засагт ашиггүй олон зүйлд их хэмжээний мөнгө зарцуулна. Үр дүнд нь мөнгө цаас болж хувирна. Мөн “Оюутолгой” 1.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхгүй тухай ярьж байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалт манайд эрс багассан. Хөрөнгө оруулалт байхгүй бол хөгжил үгүй нь ойлгомжтой шүү дээ. Нөгөө талаас Татварын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Жижиг, дунд бизнес эргэлтэд орно гэж хүлээж байна. Том үйлдвэрүүдийг дагаж жижиг, дунд бизнес хөгждөг. Түүнээс биш, амиа аргацаасан, өрхийн түвшинд жижиг, дунд бизнес эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлэхгүй. Тэгэхээр 2020 онд эдийн засаг унана, хямарна ч гэдэг юм уу, эсвэл цэцэглэн хөгжинө гэх үндэслэл харагдахгүй байна.
-Ирэх гурван жилд манай улс бондуудын төлбөрийг төлнө. Үүнийг төлөх эх үүсвэр одоогоор алга. Одооноос эхэлж ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
Засгийн газар дунд хугацааны төлөвлөлтдөө үүнийг бэлтгэх ёстой. Нэг айл байна гэж үзье. Банкнаас авсан зээлээ ирэх гурван жилд ам.доллароор төлнө гэдгээ мэдэж байна. Үүнд яаж бэлтгэх вэ л гэсэн үг. Би энэ айлын хүн байсан бол ам.доллар олох хэрэгтэй. Доллар олдог арга бол экспортод гаргах бүтээгдэхүүн. Тэгэхээр үүнийг нь дэмжсэн төрийн бодлого хэрэг болно. Гадаадаас авсан зээлээ төлөхийн тулд энэ тал дээр л төрөөс онцгой анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар дээрх гадаадаас орж ирсэн зээлээс авсан аж ахуйн нэгжүүд түргэн шуурхай төлөхөд хяналт тавина. Тэр зээлийг тэд л төлөх ёстой гэдгийг аль аль шатандаа хатуу ойлгох хэрэгтэй. Өнгөрснөөсөө сургамж авч, гаднын зээл тусламжийн зориулалт, ашиглалтад хяналт тавьдаг, хариуцлага үүрдэг тогтолцоо нэн чухал байна.