"Эрдэнэс Тавантолгой" компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга М.Амарбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга М.Амарбаяр:
-Эрдэнэс Тавантолгой компанийн борлуулалтын орлого 2019 онд 1 тэрбум ам.доллар /2,66 их наяд төгрөг/-т хүрсэн. Татварын дараах цэвэр ашиг 1 их наяд төгрөгт хүрсэн, улсад 660 тэрбум төгрөгийн татвар төлсөн амжилтаар 2020 оныг угтаж байна. Аудитын дүгнэлт гарсны дараа 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах уу, үгүй юу гэдгийг компанийн удирдах дээд байгууллага /ТУЗ.сур/ шийднэ.
-Танай компанитай холбоотой 55 тэрбум идсэн гэх асуудал дэгдсэн?
-Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагууд цаасан дээр 55 тэрбум төгрөг идчихлээ гэж Иргэний хөдөлгөөнийнхөн ярьсан. Тухай бүр нь бид тайлбар өгсөн ч худал мэдээллээ тараасаар байсан. Иймд АТГ-т хандаад, улмаар НПГ хэргийг хэрэгсэхгүй болгосон.
-Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг сонгуульд нэр дэвших гэж байна гэсэн мэдээлэл гарсан?
-Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг Орхон аймагт нэр дэвших гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнээс болж, тэнд нэр дэвших гэж байсан зарим хүмүүс болгоомжилж, хар пиарын төлөвлөгөө хүртэл боловсруулаад ажиллаж байгаа юм билээ. Б.Ганхуяг даргын хувьд Улаанбаатар хот дахь Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн даргаар олон жил ажиллаж байгаа. Үүнээс нь болж, айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр асуудалд хандаад байна уу даа. Б.Ганхуяг дарга сонгуульд нэр дэвшихгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.