Nissan-ын захирал байсан Карлос Госн санхүүгийн гэмт хэрэгт холбогдож Япон улсад болох шүүх хурлаа хүлээж, тэрбум ам.доллараар батлан даалтад суллагдаад байсан юм. Түүнд хилийн хориг тавьсан байсан ч Японоос гарч Ливан улсад ирсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн билээ. Тэгвэл Интерпол олон улсын гэмт хэргийн цагдаагийн байгууллагаас Госныг онц аюултай гэмт этгээдэд тооцож, нэн даруй баривчлан саатуулах хүсэлтийг Ливан улсын Засгийн газарт илгээжээ.
Орон нутгийн цагаар пүрэв гарагт Ливаны Дотоодыг аюулаас хамгаалах хүчин Госныг эрэн сурвалжилж, баривчлах хүсэлтийг хүлээж авчээ. Nissan автомашин үйлдвэрлэгч компанийн босс байсан тэрээр шинэ жилийн өмнөх өдөр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр Бейрут хотод ирсэн юм. Түүний ниссэн хувийн онгоц эхлээд Туркийн Истанбул хотод газардаж, дараа нь Бейрутэд ирснийг тогтоосон.
Туркийн хэвлэлээр дамжуулснаар уг хэрэгт холбогдуулан дөрвөн нисгэгч, ачаа тээврийн компанийн менежер, нисэх буудлын хоёр ажилтан гээд долоон хүнийг баривчлан саатуулжээ. Интерпол Госныг улаан түвшинд эрэн сурвалжилж, саатуулсан улс орнууд Япон руу шилжүүлэхийг хүссэн байна. Гэвч Ливан болоод Япон улсууд хоорондоо хэрэгтэн солилцох гэрээгүй байдаг.
Тэрээр Франц, Ливан, Бразилийн иргэншилтэй бөгөөд Ливан улсад үл хөдлөх хөрөнгө, банкны бизнесст хөрөнгө оруулдаг байна. Франц улсын Засгийн газар хэрэв түүнийг ирвэл хэргийг нь өөр улс руу шилжүүлэхгүй гэжээ.
Госныг зугтахад эхнэр нь болох Кэрол Госн голлох үүрэг гүйцэтгэсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байсан юм. Харин энэ талаар Госн пүрэв гарагт хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдэгдэл хийж, шударга бус байдал, улс төрийн хавчлага дарамтаас зугтаж Ливанд ирэх болсон гэдгээ тайлбарлаад байгаа. Түүнчлэн эхнэр Кэрол нь түүнийг зугтахад тусалсан гэдэг бол ор үндэслэлгүй, худал бөгөөд ганцаараа энэ бүгдийг зохион байгуулсан гэжээ.
Мөрдлөгийн явцад тодорхой болсон зарим нэг баримтаас дурдахад Госн даваа гарагийн өглөө Японы Осакад байдаг Кансай нисэх буудлаас хөөрч, 05:30 минутад Истанбулын Ататурк нисэх буудалд ирсэн байна. Хилийн харуул хамгаалалтын алба хувийн онгоцон дотор Госныг байгаа гэж мэдээгүй гэжээ. Түүний шүүх хурал ирэх 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшилсны дараа оргон зугтахаар шийдсэн гэж үзэж байна. Япон улсад байхдаа биеийн байцаалтаа ашигласан тухай бүртгэгдээгүй ба Турк улсад ч орсон, гарсан мэдээлэл үлдээгүй ажээ.
Эх сурвалж: www.bbc.com