Цусны донорын үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан цусны доноруудыг алдаршуулах, урамшуулах, тэдний үйл хэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Мөнгөн донор”-ын болзол хангасан Г.Бямбажав, “Хүрэл донор”-ын болзол хангасан Ч.Анхбаяр нарт цол тэмдгийг гардуулж, үйлс гавьяаг нь алдаршууллаа.
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр:
Цус сэлбэлт судлалын төв өнөөдрийн байдлаар хангалттай хэмжээний нөөцийг бүрдүүлж чадсан. Ялангуяа урт хугацаанд хадгалах нөөцийг бүрдүүлж чадсан. Нэг удаагийн бүхэл цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цус цусан бүтээгдэхүүний захиалга сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна. Зөвхөн ялтсан цусан бүтээгдэхүүний захиалга л гэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд 45 дахин нэмэгдсэн. Дөрөв дахин биш, дөч дахин биш, 45 дахин нэмэгдсэн гээд боддоо. Энэ нь өвчний бүтэц хэрэглээний байдал өөрчлөгдөж байгааг харуулж байна. Манай төв өдөрт 100-150 донороос цус цуглуулж байж энэ хэмжээний захиалгыг биелүүлэх боломжтой. Манай ажилтнууд ачаалал ихтэй үед нэг донороос зургаан ялтсан донорын бүтээгдэхүүн авч ачааллыг тэнцвэржүүлдэг. Одоогийн байдлаар ЦССҮТ тайван үеийн нөөцийг хангалттай бүрдүүлж чадаж байгаа.
Мөнгөн донор Г.Хишигжаргал:
Би 2005 оноос эхлэн цусаа өгч эхэлсэн. 2016 онд Хүндэт донор, 2018 онд Хүрэл донорын болзол хангасан. Хүн нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амийг авардаг. Өнгөрсөн хугацаанд 273 хүнд цусаа бэлэглэж амьдрал хайрласандаа өөртөө баярлаж, бахархдаг. Цусаа өгөх нь хүний эрүүл мэндэд сайн. Одоог хүртэл нэг ч удаа миний даралт ихсэж байгаагүй. Хүндэт доноруудад улсын эмнэлгүүд очер дараалалгүй үйлчилдэг. Мөн улсын амралтад жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр амардаг байгаа.