Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн нутагт ойн түймрийн улмаас онц байдал зарлаж, олон хүн амь эрсдээд байгаа билээ. Энэ нөхцөл байдлын улмаас томоохон хотуудад агаарын чанар муудаад зогсохгүй Шинэ Зеландад түймрийн утаа орж ирсэн байна.
Тэгвэл Шинэ Зеландын цас мөсөн арлуудад түймрийн утаа, тоосонцор, үнс нурмаас болж өнгө нь хувилж, бор саарал болсныг эх сурвалж онцолжээ. Зөвхөн цэнгэг агаар, цалин цагаан цасны өнгө хувилаад зогсохгүй Австралид асч буй ойн түймрээс үүдэж мөсөн арлууд урьд өмнөхөөс 30 хувиар илүү хурдан хайлах эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулсан байна.
Шинэ Зеландын өмнөд арлын оршин суугчид лхагва гарагийн өглөө сэрэхэд хүрээлэн буй орчны өнгө улбар өнгөөр туяарч, нар улаан өнгөтэй харагдаж байжээ. Мягмар гарагийн шөнө Австралийн Викториа, Шинэ Өмнөд Уэльст асч буй түймрийн утаа орж ирсэнтэй холбогдуулан шинэ оны эхний өдөр арлын ихэнх хэсэгт иймэрхүү бүүдгэр өнгө төрх давамгайлсан байна.
Тус улсад 1970 оноос хойш 3,000 гаруй мөсөн гол бий гэж бүртгэжээ. Тэдгээрийн 1/3 нь хайлсан бөгөөд энэ зууныг дуусахад бүгд хайлж үгүй болно гэсэн тооцоолол байдаг. Харин Австралийн түймэр энэ үйл явцыг улам бүр хурдасгана хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.
Жилийн хугацаанд Шинэ Зеланд улсад дөрөв дэх удаагаа ойн түймрийн утаа орж ирж, орчныг бохирдуулж байна. Энэ үеэр албан ёсоор сэрэмжлүүлэг дохио өгөөгүй ч багтраа өвчтэй хүмүүс гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: www.theguardian.com