Дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безос өнгөрөгч онд гэр бүлээсээ салсан төдийгүй жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан гэж Bloomberg-ийн тэрбумтнуудын жагсаалтад дурджээ.
Хэдийгээр Безос салсан эхнэртээ хөрөнгөнөөсөө $37 тэрбумыг шилжүүлж, $10 тэрбумыг алдсан ч дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг 115 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлсэн хэвээр байна. Түүний дараа Микрософт корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 113 тэрбум ам.доллар буюу ердөө хоёр тэрбумын зөрүүтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.
Жагсаалтад 100-аас дээш тэрбум ам.долларын хөрөнгөтэй гурван эрхэм бичигдсэний гурав дахь нь Францын бизнес эрхлэгч Бернард Арнаулт юм. Харин Безосын салсан эхнэр МакКензи Безос $37 тэрбумын хөрөнгөтэйгээр тэрбумтнуудын жагсаалтын 25 дугаарт бичигджээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Амазоны ашиг 28 хувиар буурч, Микрософтийн хувьцаа 48 хувиар нэмэгдсэнээр Гэйтс хэсэг хугацаанд дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж, Безос хоёрдугаарт ороод байсан юм. Шинэчилсэн жагсаалтын дөрөвдүгээрт Уоррен Баффет, тавдугаарт Марк Зукербэрг нар оржээ. Жагсаалтын эхний аравт ердөө ганцхан эмэгтэй багтсан нь 62 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, бизнес эрхлэгч Дэвид Кочийн бэлэвсэн эхнэр Жулиа Флешер Коч юм.
Эх сурвалж: www.cnn.com