Германы баруун хойд нутагт байдаг Крефелд амьтны хүрээлэнд шинэ оны эхний өдөр гал гарчээ. Амьтны хүрээлэнд байдаг сармагчны торноос гал он солигдсоны дараахан эхэлж ассан байна.
Хүрээлэнгийн захирал Волфганг Дрессений хэлснээр гал чухам яг хэдэн цагийн үед эхэлснийг хараахан мэдээгүй гэжээ. Мөн Крефелд амьтны хүрээлэнд хүнд гарз тохиож, 30 гаруй амьтнаа алдсан хэмээн ярьсан байна.
Амьтны хүрээлэнгийн барилга дотор байсан шувуу, сүүн тэжээлтнүүд хохирогч болж үхсэн ба төв болон баруун Африкаас ирсэн дэлхий дээр нэн ховордсон горилла, шимпанзе сармагчнууд үхсэн амтдын дунд багтжээ. Тус хүрээлэнгийн Facebook хуудсанд нийтэлснээр Бэлли, Лимбо нэртэй хоёр шимпанзе азаар амьд үлдсэн байна.
Галын шалтгааныг тогтоогоогүй ч гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Амьтны хүрээлэнгийн ойролцоо дэнлүү нисгэж харагдсан тухай гэрчүүд ярьжээ. Тэнгэрт хөөргөдөг цаасан дэнлүүг тус мужид хорьсон байдаг бөгөөд дүрэм зөрчсөн тохиолдолд 1,000 еврогийн торгуультай. Учир нь ийм дэнлүүнүүдээс болж гал гарах тохиолдол ихэссэн гэж иргэд гомдол мэдүүлэх болжээ.
Эх сурвалж: www.cnn.com