Хиймэл сав, робот асрагч, ганц бие аавууд...
Технологийн хөгжил, эдийн засгийн байдал гэр бүлийн тухай бидний ирээдүйн ойлголтыг өөрчлөх болно гэдгийг шинжээчид хэлж байна. 2000 оны эхээр бид 2020 оныг холын ирээдүй мэтээр төсөөлөн бодож байсан бол нэгэнт энэ цаг үедээ иржээ.
The Guardian сэтгүүлд нийтлэгдсэнээр ирээдүйд гэр бүлийн бүтэц, зохион байгуулалт уламжлалт хэв маягаас хазайж, өөрчлөгдөнө хэмээн таамаглаж байна. Их Британи улсад шинээр мэндэлж буй нярай хүүхдүүдийн 84 хувь нь албан ёсоор гэр бүл болж гэрлэсэн болон хамтран амьдарч буй хосуудын гэр бүлд төрж байсан бол 2019 онд 61 хувь болж буурчээ. Харин АНУ-д шинээр мэндэлсэн нярайн тэн хагасаас багахан илүү хувь нь биологийн эцэг эх хоёрынхоо анхны гэрлэлтийн үед төрсөн байна.
Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд ганц бие ээжүүд, ижил хүйстэн хосууд хүүхэдтэй болох нь нэмэгдсэн. Харин 2050 онд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаараад зогсохгүй сэтгэхгүйн хөгжил, гоо сайхан харагдах, спортлог байдлыг хөгжүүлэхэд илүү их анхаардаг болно гэж таамаглаж байгаа юм. Генийн туршилт, хуруу шилний аргаар үр суулгах, өндгөн эсээ хадгалах явдал ирэх 30 жилийн хугацаанд нийтлэг үзэгдэл болох ажээ.
Орчин цагт сав шилжүүлэх суулгах мэс ажилбар тийм ч ховор зүйл биш болсон бөгөөд 2050 он гэхэд бид хүүхдүүдээ хиймэл саванд өсгөж төрүүлэх магадлал өндөр болно гэж The Guardian-ы шинжээчид таамаглаж байна. Залуу бүсгүйчүүд өндгөн эсээ хөлдөөж хадгалах болсонтой холбогдуулан 2050 онд 50-60 насны шинэхэн ээжүүд олширч, хэвийн үзэгдэл болж магадгүй гэнэ.
Их Британи улсын хувьд Европын Холбооноос өрх тусгаарлаж байгаа нь эдийн засгийг унагаж, улмаар эдийн засгийн сул дорой байдал гэрлэлтийг багасгаж, гэр бүл салах явдал ихэснэ гэж таамаглажээ. Үүнтэй зэрэгцэн хоёр өөр орны хүмүүс хооронд гэрлэж, гэр бүл болох явдал ихэснэ хэмээн төсөөлж байна. Гэр бүл салахад хүүхдүүд эцэг эх хоёрынхоо эцгийгээ илүү сонгож, ганц бие ээжүүдээс гадна ганц бие аавууд багагүй хувийг эзлэх ажээ.
Эх сурвалж: www.theguardian.com