Хонконгийн ардчилал, эрх чөлөөний төлөө жагсаал өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш үргэлжилсээр 2020 онтой золгож байна. Ийнхүү жагсаал найм дахь сардаа орж шинэ оны эхний өдөр олон зуун жагсагчийг баривчилсан, гадаа гудамжинд хэв журам сахиулах цагдаа нар жагсагчидтай мөргөлдсөн үйл явдал өрнөжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр өчигдөр 400 орчим хүн баригдсан байна. Тэднийг хууль бус зэвсэг эзэмшсэн, жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгажээ. 2019 оны зунаас хойш нэг хоногийн хугацаанд хамгийн олон хүн баригдсан гэдгийг онцолсон байна.
Лхагва гарагийн жагсаал багт наадмын баярын уур амьсгалтайгаар эхэлжээ. Баярын хувцастай гэр бүл, хүүхэд, ахмадууд залуустай нэгдэн гудамжинд гарч “Хонконгийг чөлөөл, хувьсгалын эрин үе” хэмээн уриалан хашгирчээ. Гэвч Ван Чай, Монкок зэрэг хэд хэдэн дүүрэгт цагдаа нар жагсагчидтай мөргөлдсөнөөр эмх замбараагүй байдал эхэлсэн юм.
Шинэ он солигдож байгаа торгон цаг үед дэлхийн 18 орны 40 гаруй Парламентын гишүүн, нөлөө бүхий албан тушаалтан Хонконгийн удирдагч Кэрри Лам руу ил захидал илгээж үүсээд буй нөхцөл байдлыг шударгаар шийдэх арга зам хайхыг уриалсан тухай ВВС мэдээлжээ. Шинэ жилийг угтан хэлсэн үгэндээ Хятадын дарга Си Зиньпин Хонконгийг дурдаж, Бээжингийн зүгээс тус хотын тогтвортой байдал, хөгжил дэвшлийг тууштай хамгаалах болно гэсэн юм.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com