Сангийн яамнаас санаачилсан Татварын багц хууль 2020 оноос хэрэгжиж эхэлнэ. Татварын багц хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгч, аж ахуйн нэгж, байгууллагуудад ирдэг татварын дарамт багасч, бизнес эрхлэх таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Амьдрах зориулалтаар худалдаж авсан орон сууц, байшин авсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая төгрөг буцаан авадг байсан бол ирэх оноос энэ мөнгөн дүн өсч 6 сая төгрөг болно.
НӨАТ-ын хөнгөлөлт эдлэх боломж нэмэгджээ
Барилга, тоног төхөөрөмж, хайгуулын үйл ажиллагаанаас бусад худалдан авалтад төлсөн Нэмүү өртгийн албан татвар/НӨАТ/-ыг шууд хасах зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь сандал, ширээ, компьютр гээд өөрийн худалдаж авсан бүх үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг борлуулалтын орлогод төлсөн НӨАТ-аас хасдаггүй байсныг өөрчилж байгаа нь энэ юм.
Татвар төлөгчид том жижгээсээ хамаарч, өөрт тохирсон татвараа төлнө
Татварын багц хууль хэрэгжиж эхэлснээр гарах бас нэгэн том өөрчлөлт бол татвар төлөгчдийг олон улсын жишигт нийцүүлэн сегментээр ангилж, сегмент тус бүрт тохирсон татварыг төлөхөөр болж байна. Тухайлбал,
-Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын дүнгээс нэг хувиар албан татвар төлнө.
-Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын нэг хувиар татвар төлнө.
-Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах юм.
Мөн татварын тайлан гаргах тоог цөөрүүлж бичил бизнес эрхлэгчид жилд нэг удаа, дунд бизнес эрхлэгчид жилд хоёр удаа, том бизнес эрхлэгчид дөрвөн удаа тайлангаа тушаах зохицуулалт хийжээ.
Харин 25 хувийн татвар төлөх ААН-ийн жилийн орлогын босго 3.0 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж, 6.0 тэрбум төгрөг болгосон бөгөөд татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр дөрвөн жилийн хугацаанд шилжүүлэн тооцох буюу энэ хугацаанд төлж болох юм байна.
Татварын тайлангийн залруулга хийхэд хялбар болно
Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжтой болно. Татвар төлөгч цахимаар тайлангаа илгээхдээ гаалийн мэдээ, борлуулалтын орлогоо дутуу тайлгнасан тохиолдолд татвар төлөгч заавал өөрийн биеэр очих шаардлагагүй. Татварын тайланг залруулах, тайлангийн ногдлыг зөв болгох талаар татвар төлөгчид цахим мэдэгдэл хүргүүлдэг болох юм.
Татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг хоёр жил хүртэл сунгах боломжтой болсон бол татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд бус, эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд хийнэ.
Алслагдсан бүс нутагт үй ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчид 90 хувийн хөнгөлөлт эдэлнэ
Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжийн төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувиар, 1,000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлнө.
Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50% хөнгөлөх зохицуулалтууд хийгджээ.