“Ширээн дээр үл таних дугтуй байлаа. Дугтуйн дотор юу байгааг мэдэж байгаа ч зүрх минь түгшинэ. Өмнө нь огт харж байгаагүй эрэгтэйн гурван ширхэг зураг байв. Тиймээ тэр миний аав байлаа”
Миний аавыгаа олох аялал өнгөрсөн нэгдүгээр сард Лондоны барилгын дээвэр дээрээс эхэлсэн юм. Тэр үед л би энэ зургуудыг анх удаа олж харсан.
Намайг жаахан байхад эцэг эх маань салчихсан. Түүнээс хойш хэн ч аавыг минь хараагүй. Гэвч би хэзээ нэг өдөр аавтайгаа уулзана гэж мэддэг байсан.
Би одоо 27 настай, Өмнөд Лондонд амьдардаг. Бирминхэмд өссөн. Лийдсийн их сургуульд байхдаа оюутны радио станцад хөгжмийн шоу хөтөлж, багагүй амжилт гаргасан. Хэд хэдэн шагнал авч 2017 оноос хойш кинонд дүр бүтээх саналууд авсан.
Хэдийгээр миний амьдрал амжилттай сайхан байсан ч нэг л зүйл дутуу мэт санагддаг байв. 26 жилийн турш хэн ч миний аавыг хараагүй. Надад 30 орчим жилийн дурсамжийг хадгалсан гэрэл зургууд байдаг ч аав ээж хоёрын гэрлэлтийн зураг, төрснийг минь гэрчлэх бичиг баримтан дээр бичигдсэн нэр л үлдсэн байлаа. Аавыгаа амиа алдсан байхвий, надтай уулзахыг хүсэхгүй байхвий, олохгүй байхвий гэсэн олон асуулт толгойд минь эргэлдэнэ.
Би аавдаа маш их уурлаж байсан. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд би асрагчтайгаа, ээжийнхээ гэр бүлийн найзуудтай амьдарч ирсэн. Ээж маань сэтгэцийн өвчтэй байсан тул надтай аав болон өөрсдийнхөө тухай ярих боломж гарч байгаагүй.
Үнэндээ тэд сонины зараар танилцаж байсан. Би үнэхээр аавыгаа эрж олохоор шийдсэн бол үүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй гэж бодсон. Миний эрэл хайгуул, үзүүр нь үл харагдах аяллын маань эхний зогсоол Вэстминстерийн архивын төв байлаа.
Тэндээс би аавыгаа Халид Вралк гэдэг, ээжээс минь өмнө өөр хүнтэй гэрлээд салсан гэдгийг мэдэж авав. Ээжийг 31 настай байхад аав 50 настай байсан. Тэд 19 насны зөрөөтэй төдийгүй аав маань 78 настай. Энэ мэдээлэл аль хэдийн тэр өнгөрчихсөн байх гэсэн бодлыг төрүүлсэн юм.
Гэтэл тэр амьд байлаа. Би аавынхаа амьдарч байсан газарт эрэл хайгуул хийж түүнийг Пакистанд амьдарч байгааг олж мэдсэн юм. Намайг Пакистанд очоод түүн рүү залгахад эхний удаад татгалзаж утсаа тасалсны дараа итгэл найдвар маань бараг унтарчихав.
Шөнө түүний утаснаас зурвас ирж надтай уулзахыг хүссэн байв. Биднийг уулзахад аав маань нулимс дуслуулан уйлж байлаа. Энэ мөчийг би огт төсөөлж байсангүй. Би аавыгаа Пакистаны жижиг тосгоноос олох гэж 10,000 гаруй км-ыг туулжээ.
Эх сурвалж: www.bbc.com