БЭЭЖИН, 12 сарын 30. /ТАСС/. Хятадын анхны эзэн хаан Цин Шихуандигийн бунханы ээлжит малтлагын явцад эрдэмтэд дахин 220 шинэ шавар дайчдыг илрүүлсэн тухай Хятадын мэдээллийн сайт “Сианьван” бичсэн байна.
2009 оноос 3 дахь удаагийн малтлага эхэлсэн бөгөөд археологичид 400 кв.м талбайг нээж, дайчдын 220 баримал, 12 морь, мөн нум, холхивч нум, зэв хоромсого, илд, хуй, бамбай, гүйвэр зэрэг олон тооны зэр зэвсэг, иж бүрдэл элементүүд болон байлдааны тэрэгний хэсгүүдийг илрүүлжээ. Судлаачид бунханд дахин 6 мянга орчим хүн, морины баримал байх боломжтой хэмээн таамаглаж байна.
“Терракотта арми” нь Эртний Хятадын 8 мянган шавар дайчид болон морьдоос бүрдэх бөгөөд тэдгээрийг Сиань хотоос холгүй орших Хятадын анхны эзэн хаан Цинь Шихуандигийн бунханыг хамгаалах зориулалтаар бүтээжээ. Цинь Шихуанди нь НТӨ III зуунд амьдарч, улс төрийн үйл ажиллагаагаараа Хятад улсыг нэгтгэж асан нэгэн юм. Түүний бунханыг НТӨ 210-209 онд бүтээж дуусгажээ.
Мэргэжилтнүүд дайчдын баримал нь дүрэмт хувцсаараа ялгарахаас гадна, өндөр болон бусад онцлогуудаараа харилцан адилгүй болохыг онцолжээ. Нум сумчин, жадчин, илдчин, дээд тушаалтан зэрэг бүхий л дайчдын нүүр, царай өөр өөрийн онцлогтой бөгөөд барималчид тэдгээрийг бүтээхдээ эх үүсвэртэй нь адилтган урласан байх боломжтой гэж үздэг.
Шавар армийг 1974 онд худаг гаргаж байсан тариачин анх олж, улмаар 1978-1984, 1985-1986 он болон 2009 оноос өнөөг хүртэл нийт 3 удаагийн малтлагууд явагджээ.
1987 онд энэхүү байгууламж нь ЮНЕСКО-ийн Дэлхийн Өвийн жагсаалтад бүртгэгдсэн Хятадын хамгийн анхны өв болсон байна.
www.tass.ru