Японы нислэгийн компани Japan Airlines ирэх зун олон улсын аялагч жуулчдад зориулж дотоодын нислэгээр үнэгүй үйлчлэх 50,000 тасалбар бэлэглэхээ шинэ оны босгон дээр мэдэгджээ. Энэ урамшуулал нь Японд ирсэн хэдий ч бусад газруудаар төдийлөн явж аялж, танилцаж чаддаггүй жуулчдад урам өгч, улс орноо таниулах зорилготой ажээ.
Урамшуулалт бэлгийн аян 2020 оны долдугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжлэх юм байна. Энэ үеэр Токио хотод зуны Олимпийн наадам зохион байгуулагдах билээ.
Хэрэв аялагчид уг бэлгийг авахыг хүсвэл Mileage Bank цахим хөтөлбөрт бүртгүүлэх шаардлагатай. Мөн таны хүсэлтийг хүлээж авснаас хойш ойролцоогоор гурав хоногийн дараа хаашаа үнэгүй нисэх эрхийн бичиг хожсоноо мэдэх боломжтой ажээ. Түүнчлэн гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт аялж байгаа бол дөрөв хүртэл тооны жуулчин нэг дор бүртгүүлэх боломжтой.
Урамшуулын аяллын чиглэл нь Токиогийн Ханеда, Осакагийн Кансай, Итами нисэх буудлуудаас дөрвөн чиглэлд хөөрөх нислэгээс сонгох боломжтой гэжээ. Japan Airlines компани цахимаар хүсэлт хүлээж авах хуудсаа ирэх нэгдүгээр сарын эхээр нээж, хоёрдугаар сарын сүүлч хүртэл хүлээн авах ажээ.
Эрх баригчдын тооцсоноор долдугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх Олимпийн наадмын үеэр багадаа 10 сая жуулчин ирнэ.
Эх сурвалж: www.cnn.com