СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-30

Өвлийн зураглал 2019

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

...Цас хаялж, малгайгаа өмсч, ороолт зүүж дулаахан хувцасласан хүмүүс зөрөөд л... Эсвэл хацар хайрсан хүйтэнд хэн нэгнийг автобусны буудал дээр хүлээгээд л... Аз жаргалтай хосууд хүйтнийг үл ажран биесийнхээ гарыг дулаацуулж инээд алдаад л...Тийм нэг өвлийн зураглалыг та эндээс...

Ягаарсан хацар минь чимчигнэн даарахад

Яагаад ч юм зүрх халуунаараа байдаг

Өөрөөр минь дүүрэн гуниг байхад

Өвөл яагаад ч юм дулаахан байдаг

Өдөржин шөнөжин би цасыг догдлон мөрөөддөг

Өврийн дэвтрээ нээхдээ хүйтнийг бүр мартчихдаг

Өрөөсөн бээлийгээ зориуд гээж

Гараа чичрэхийг хүлээдэг

Өвдтөлөө даарсан гараараа

Шүлэг бичих гэж оролддог

Шүлэг минь бүхэлдээ гуниглаж байхад

Цас яагаад ч юм дулаахан байдаг

Хүйтэн шүүгээнээс хувцаснуудаа гаргаж

Дулаахан болтол нь өмсдөг

Хувцаснууд биеийг биш

Би хувцсаа дулаацуулдаг

Хананд өлгөөтэй зургууд

Хөмсгөө зангидсан мэт санагдахад

Би л тэдний өөдөөс

Бүтэн инээмсэглэж чаддаг

Өрөөгөөр дүүрэн гуниг байхад

Өр зүрх минь яагаад ч юм дулаахан байдаг

Хачин тунгалаг ширхгүүд сормуус онон газардаж

Харанхуй байсан ертөнц гэнэт цавцайн цайж

Хүйтэн мэдрэмж үгүйрч догдлол төрөхүйд

Өвөлд би хэчнээн хайртайгаа мэдэрдэг

Атган авах гэж алгаа тосон гүйж

Хацар минь чинэрэн даарахыг ч үл ажран

Харанхуйд цасан дунд зогсоод л баймиаар санагддаг

Хахир өвлийн шөнөөр өөр хаанаас би

Ийм их үзэсгэлэнг олох вэ

Өвөл өө, би чамд ухаангүй хайртай

Өч төчнөөн шүлэг зориулмаар тийм хайртай

Үсийг минь гэрэлтүүлэгч цагаан цас аа

Би чамд ч хайртай

Үймэрсэн сэтгэлийг минь арилган будрах

Үй олон ширхгүүдэд чинь дуртай

Гэрэлтэгч биеийн чинь эд эс бүхэнд

Гэгээн тунгалаг бүхэн оршдог

Яг энд чамайг газардах бүрийд

Яг хуучнаараа дурлан догдолдог би

Хамгийн гэгээн дууг энэ орой л аялмаар

Хамгийн сайхан дурсамжуудаа нэхэн санамаар

Жаргал гэдэг ийм өчүүхэн зүйлээс эхэлдгийг

Хүн бүхэнд мэдрүүлмээр

Цас аа би чамд ийм их хайртай

Цагаан тунгалаг гэрэлтэгч ширхгүүдэд чинь дуртай

Цаг хугацааг яг ийм л үед зогсоохыг хүсдэг

Цагаахан догдлол тээж мөнхөд гэрэлтэхийг мөрөөддөг…  Ш.Номин-Эрдэнэ

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.